2024-11-13, Лхагва
-0 C
Ulaanbaatar

Дундговь аймаг Малчны хөгжлийн төв байгуулахаар ТЭЗҮ хийж буйгаа Ерөнхий сайдад танилцуулав

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн орон нутаг дахь томилолт Дундговь аймагт үргэлжилж байна. Тэрбээр тус аймгийн Дэрэн сумын Саруул багийн аймгийн аварга малчин Намсрайн Болдбаатарынд зочилж нутаг орны байдал болон малын түүхий эдийн үнэ ханш, мах, махан бүтээгдэхүүний экспортыг хэрхэн нэмэгдүүлэх, малчин өрхийн хүүхдүүдийн боловсрол, малын вакцин, түүний чанар хүртээмжийн талаар санал солилцлоо.

Засгийн газраас малчдын нийгмийн хамгааллыг сайжруулах, үнэлэмжийг нэмэгдүүлэх чиглэлээр цогц хөтөлбөр хэрэгжүүлэхээр зорьж байгаа. Малчдын талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхойлоход малчин иргэдийн санал хүсэлт чухал гэдгийг Ерөнхий сайд хэллээ.

Гэрийн эзэн Н.Болдбаатар “Миний өвөө 1948 онд маршал Х.Чойбалсангаас БНМАУ-ын сайн малчин цол хүртэж байсан бол өнгөрсөн жил өөрөө аймгийн аварга малчин болж, өдгөө Засгийн газрын тэргүүн гэрт минь зочилж буйд бэлгэшээж байна” гэлээ. Тэрбээр удам дамжсан малчин. 37 жил мал маллаж байна. Таван хүүхдийнх нь нэг нь малчин, хоёр нь малын эмч мэргэжилтэй ажээ. “Малын гаралтай түүхий эд, махны үнэ хямд. Арьс шир үнэгүйдчихсэн. Намар малын тарга тэвээрэг ид гүйцсэн үед махны үнэ уначихдаг. Эдгээр асуудалд анхаарвал малчдын амьжиргаа, улс орны эдийн засагт ч нэмэртэй. Цаашлаад малчид малаа эдийн засгийн эргэлтэд оруулж, бэлчээрийн даац тэнцвэржихэд ч нөлөөлнө” гэж Н.Болдбаатар ярилаа. Эхнэр Ш.Бямбарэгзэн “Сүүлийн жилүүдэд төр засгаас малчдын нийгмийн асуудалд нэлээд анхаарч байна. Малчид эрүүл мэнддээ анхаарахгүй, орхигдуулах гээд байдаг талтай. Бид гэр бүлээрээ эрт илрүүлэгт хамрагдсан” гэлээ.

Ерөнхий сайд “Нүүдэлчин ахуй, өв соёл, уламжлалт зан заншил хөдөөд бий. Малчид, монгол малын асуудал төрийн бодлогын төвд байсаар ирсэн. Цаашид ч байна. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогод Хөдөөгийн сэргэлтийн асуудлыг тусгасан. Аймаг, сумдын тулгамдсан асуудлын нэг бол сайн эмч, багш. Энэ жилээс хөдөө, орон нутагт шилжин ажиллах албан хаагчдын орон нутгийн нэмэгдлийн хувь хэмжээг нэмэх, орон сууцны хөнгөлөлтөд хамруулах чиглэлд анхаарч байна. Цаашлаад Улаанбаатар хотод ажиллах төрийн албан хаагчдад хөдөө орон нутагт гурваас дээш жил ажилласан байх шаардлага тавих талаар ч яригдаж байгаа” гэлээ.

Дундговь аймаг 7500 орчим малчин өрхтэй бөгөөд аймгийн эдийн засгийн 50 гаруй хувийг мал аж ахуй бүрдүүлдэг. Тиймээс хуучны нэгдэл дундын амралт байсан газарт түшиглэн улсын хэмжээнд анх удаа Малчны хөгжлийн төв байгуулахаар ТЭЗҮ хийж буйгаа аймгийн удирдлагууд танилцуулав. Мөн хүүхэд залуусын малчин болох, мал маллах хүсэл сонирхлыг нэмэгдүүлэх зорилгоор аймгийн политехник коллеждоо малчин, зоотехникчийн анги нээжээ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img