2024-10-17, Пүрэв
9 C
Ulaanbaatar

Л.Хаш-Эрдэнэ: Хайгуулын ажлыг явуулах талаар талуудын ойлголтыг зөрүүтэй байдлыг арилгаж байна

Говь-Алтай аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Л.Хаш-Эрдэнэтэй ярилцлаа.

-Говь-Алтай аймгийн уул уурхайн өнөөгийн байдлын талаар Та мэдээлэл өгнө үү?

-Манай аймаг 142 мянган км2 хавтгай дөрвөлжин нутаг дэвсгэртэй. Монгол Улсын хэмжээнд газар нутгийн хэмжээгээрээ хоёрдугаарт ордог өргөн уудам нутаг дэвсгэртэй аймаг. Аймгийн хэмжээнд 71 хайгуул, 61 ашиглалт, түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын 14 тусгай зөвшөөрлийг аж ахуйн нэгжүүд эзэмшин өнөөдрийн байдлаар “Алтайн хүдэр”, “Хан Алтай” гэсэн хоёр баяжуулах үйлдвэр үйл ажиллагаагаа явуулж байна.

Улсын төсвийн санхүүжилтээр Баян-Уул сумд “Эрэл үнэлгээ-4” төсөл, аж ахуйн нэгжүүдийн хөрөнгөөр хэд хэдэн хайгуулыг хийж байна. Нүүрсний 2 уурхай улирлын чанартай ажиллаж, орон нутгийн хэрэгцээнд олборлосон бүтээгдэхүүнээ нийлүүлж байгаа.

-Аймгийн Засаг дарга, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зүгээс аймгийн эрдэс баялгийн чиглэлээр ямар бодлого шийдвэр баримтлан ажиллаж байна вэ?

-Байгальд ээлтэй технологи бүхий ил тод, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх зорилтын дэвшүүлж, тус зорилтын хүрээнд аймгийг хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл, Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хэд хэдэн арга хэмжээнүүдийг тусган ажиллаж байна.

Тухайлбал:

  • Ашигт малтмалын томоохон ордуудыг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар ашиглалтад оруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжин ил тод хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх;
  • Үйл ажиллагаа явуулж буй ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн нийгмийн хариуцлагыг сайжруулж, орон нутгийн хөгжилд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх;
  • Хууль бус ашигт малтмал олборлогч иргэдийн үйл ажиллагааны улмаас эвдэрсэн, ашиглах боломжтой газруудыг бичил уурхайн зориулалтаар тусгай хэрэгцээнд авч, бичил уурхай эрхлэгчдийг дэмжиж ажиллах, Түгээмэл тархацтай ашигт малтмалын илрэлийн нөөцийн судалгааг хийлгэх, орд газрын нөөцийг тогтоох, олборлолтын үйл ажиллагааг эхлүүлэх замаар барилгын материалын үйлдвэрлэлийг стандартад нийцсэн түүхий эдээр хангах зэрэг зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна.

-Хариуцлагатай уул уурхайн баруун бүсийн чуулган Говь-Алтай аймагт анх удаа зохион байгуулагдах гэж байна. Аймгийн хэмжээнд хариуцлагатай уул уурхайг хэрхэн хөгжүүлж байна вэ?

-Бүсийн чуулганыг анх удаагаа манай аймагт зохион байгуулахаар шийдвэрлэн зохион байгуулж байгаа холбогдох байгууллагуудын хүмүүстээ талархаж байгаагаа илэрхийлье.

Төрийн байгууллага, тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүд, ард иргэд хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх тал дээр нэгдэж байна гэж ойлгодог. Цаашид ил тод хариуцлагатай уул уурхайг хөгжүүлснээр аймгийн эдийн засгийн бие даасан хөгжлийг хангахад буюу хүний хөгжил, боловсрол, эрүүл мэндийг дэмжихэд зориулах, уул уурхайн төслүүд дээр хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд ашиглах зэрэг зарчмуудыг баримтлан хамтран ажиллана.

-Цаашид уул уурхайн бодлогодоо гол анхаарах ямар асуудлууд байна вэ?

-Түрүүн хэлсэнчлэн бодлогын баримт бичгүүдэд тусгасан арга хэмжээ болон улсын бодлогыг хэрэгжүүлэн ажиллана. Эдгээр бодлогын хүрээнд тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн ажиллагаанд хуулийг сахин мөрдүүлэх, олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлыг хангуулах, хамтран ажиллах, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд л түлхүү анхаарна.

Мөн ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөгчдийн газруудыг аймагт байгуулж, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх, татварын болон татварын бус орлогын бааз суурийг нэмэгдүүлэх шаардлагатай байна.

-Уул уурхайн салбарт төрөөс баримтлах бодлого шийдвэрүүдийг аймаг болон баруун бүсийн хэмжээнд хэрэгжүүлэхэд тулгарч байгаа бэрхшээлүүд гарц шийдлүүд байгаа байх?

-Уул уурхайн салбарт төрөөс баримтлах бодлого шийдвэрүүдийг аймаг болон баруун бүсийн хэмжээнд хэрэгжүүлэхэд тулгарч байгаа бэрхшээлүүдээс байдаг. Эдгээрээс дурдвал:

Улсын болон хувийн хөрөнгөөр хийгдэж байгаа хайгуулын ажлыг нутгийн иргэд хийлгэхгүй үл ойлголцол үүсэх явдал гарч байна. Үүнийг зохицуулах хайгуулын ажлыг явуулах, хайгуулын үр дүнд үүсэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар талуудын оролцоотой уулзалтуудыг хийж, ойлголтын зөрүүтэй байдлыг арилгаж байна.

Уул уурхайн бүтээгдэхүүнийг тээвэрлэх аж ахуйн нэгжүүд нь шороон замаар тээвэрлэж байгаа нь хөрсийг маш ихээр эвдрэлд оруулдаг. Манайх говийн эмзэг хөрстэй, хур тунадас бага ордог, тоосжилт ихтэй. Тиймээс тэнд амьдарч, оршин сууж байгаа иргэдэд маань хүндээр тусаж байна.

-Ярилцлага өгсөн Танд баярлалаа.

-Баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.

эрдэс баялаг

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img