-Одоо л жинхэнэ дуулах үе ирлээ гэж хэлж байсан. Дэлхийн тайзнаа дуулах гэдэг утгаар хэлсэн үү?
-Ер нь саяны хэлсэн чинь бүгд багтана. Эмэгтэй хүний хоолой 2-3 хүүхэд төрүүлж байж жинхэнэ тослог сайхан өнгө нь тогтож, яг дуулах нас юм гэдэг дээр ирдэг. Хоолой нь тэгж тогтдог. Тэгэхээр дууг учрыг нь олоод дуулдаг дээрээ ирчихсэн гэсэн үг. Дээрээс нь тайзан дээр гараад ч үүнийгээ харуулж чаддаг. Туршлага хуримтлуулалтын хувьд ч гэсэн цаг нь ирсэн. Театрт дуулахад арай л болохгүй байна даа гэдэг үе бараг 5-6 жил үргэлжилдэг. Болж байгаа юм шиг дуулаад л эргээд харахад бас л биш байдаг. Би тэгвэл дахиад хичээх ёстой юм байна, энд нь алдсан юм байна үүнийгээ засъя гэдэг нас маань иржээ. Одоо бол алдаагүйгээр төгс дуулна гэсэн итгэлтэй болж байна.
-Гадны театруудаас ирсэн тэр урилгаар явсан бол одоо “тэнд байна даа” гэсэн бодол төрж байсан уу?
-Би том хүсэл мөрөөдөлтэй юм шиг мөртлөө тэр театрт очоод дуулчихвал тэрнээс дээр гарчихна гэж ерөөсөө бодож байгаагүй юм билээ. Хор шартай мөртлөө хүсэл шунал багатай юм байна даа гэж өөрийгөө бодсон. Сургууль төгсөхдөө л би дуурийн театраар хязгаарлагдахгүй улам цаашаа явна гэдгээ бат ойлгож ирсэн. Тэр эхлэлээ ч тавьчихсан.
-Эмэгтэй хүн амжилттай байхын тулд хувийн амьдрал, карьер хоёрынхоо аль нэгийг хойш нь тавих гээд байдаг…?
-Ер нь олон хүний амьдралын түүхээс харахад олон сайхан дуучид, жүжигчид ямар нэгэн юмаа золиослох ёстой гэдгийг их сургуульд орсон цагаасаа л сонсож ирсэн. Гэхдээ яагаад ямар нэгэн юмаа үрэн таран хийх ёстой гэж. Би хоёуланг нь авч явж болно гэж боддог. Тийм болохоор одоо хувийнхаа амьдралд санаа зовохгүй байна. Би карьераа хөөх нас яг одоо ирчихлээ.
-Хүнд дотроосоо шатах, бардах үе байдаг юм шиг. Тэрийг яг яаж мэдэрдэг вэ?
-Уран бүтээлч хүн бол ерөөсөө уран бүтээлээ хийж байж л тэр зүйлээ мэдэрдэг. Алхам бүртээ дараагийн бүтээлээ улам чанаржуулдаг ч юм уу. Эмэгтэй хүний насыг үечлээд хэлчихсэн байдаг шүү дээ. Яг түүн шиг би хоолой маань болчихжээ, гүйцчихэж одоо би айх юмгүйгээр энэнээс илүү дүр бүтээж, илүү ажиллаж амьдаръя гэдэг шаталт байна. Тэрийг би тайзан дээр л гаргана шүү дээ.
-Таны мөрөөдлийн тайз хаанахынх вэ?
-Зөндөө байна. Дэлхийн гоё том театруудад очиж дуулмаар байна. Гадаадын сайхан театруудад очиж дуулж л байсан. Бид чинь дуурь бүжгийн театрынхаа тайзан дээр дуулахдаа бараг гэртээ ороод ирчихсэн юм шиг байдаг. Гадны тайзан дээр очиход их сандарна заримдаа юу болоод өнгөрөв өө гээд ороод ирэх тохиолдол залуу байхад зөндөө гардаг байсан.
-Одоо бол гадны том театрын тайзыг эзэлж дуулна биз дээ?
-Одоо бол аархаж дуулна шүү дээ.
-Дуулж байсан дууриудаас тань хамгийн хүнд, хэцүү нь өөрөөр хэлбэл өөрийг тань хамгийн их зовоож, шатааж байсан дуурь бий юу?
-Манай дарга Мөнхзул гэж хүн байсан. Тэр үед Солонгос улстай холбоо харилцаатай ажилладаг байлаа. Солонгос найруулагч ирж Lucia di Lammermoor дуурийг тавьсан юм. Тэр дуурийн гол дүр Лучияагийн дүрийг тоглох болов. Тэр дуурийг дуучиндаа зориулж тавьдаг л даа. Жишээ нь Уянгаагийн хоолойд зориулж тус дуурийг тавьсан гэсэн үг. Гэхдээ тэрийг маш богинохон хугацаанд 14 хоногийн дотор хийх болсон л доо. Би татгалзсан.
Миний хоолой төмөр биш, зэвсэг биш. Миний тархи компьютер юм уу би чадахгүй, би хоолойгүй болчихвол яах юм гээд халгаасангүй. Бас 14-хөн хоногийн дотор итали хэлээр цээжилнэ. Ядахдаа надад сарын хугацаа өгсөн бол тултал нь дуулаад өгнө гэсэн л дээ. Тэгсэн нөгөө солонгос найруулагч чинь надаас гуйгаад байдаг. Найруулагч хүн болохоороо хүний психологитой ажиллаж мэддэг.
Надад “Чи дуулахгүй л бол болохгүй. Чиний хажууд байгаа дүрүүд чинь чамтай дуулахыг хүсч байна. Зрител хүсч байна, би ч гэсэн тантай ажиллахыг хүсэж байна” гээд л. Тэгээд зөвшөөрсөн. Ингээд хоёр дахь дүрээ болгож Италиас Уранчимэг эгчийг авчирсан.Тэгээл л дуулсан даа. Хоёр удаа тоглогдсон үзэгчдээс маш өндөр үнэлгээ авсан. Би өөрийгөө тийм амжилттай дуулна ч гэж бодоогүй. Ер нь миний дотор нэг тийм хор шар байсан л даа. Нэгэнт хүн сэтгэчихсэн байгаа юм чинь би үүнийг ёстой тултал нь дуулах ёстой гэж бодсон. Солонгосын найруулагч надад маш их баярласан. Уранчимэг эгч надад баяр хүргэж, “Би чамайг ийм мундаг дуулна гэж үнэхээр бодоогүй. Дүүдээ баяр хүргэе ер нь гадагшаа явж дуул” гэж хэлж байсан шүү.
-Таны тоглохыг хүсдэг дүр?
-Би Чио Чио Сан дуурьд л дуулж байгаагүй. Ер нь Чио Чио Сан, Turandot-д дуулахыг хүсдэг. Turandot дуурийг манайхан шинэчилж тавина гээд байгаа. Хэрвээ тавигдахаар бол Трондатын дүрд хүч үзнэ дээ.
-Дуурийн дуучин хүн дуулахдаа дүрдээ орно жүжиглэнэ бас дуулна, хөгжмөө сонсоно гээд их хүнд хөдөлмөр шиг санагддаг. Та тайзан дээр юу мэдэрдэг вэ?
-Дуурийн дуучин байх хэцүү. Дуурийн дуучин үзэгчдэд зовиур мэдрэгдэхгүй болтол дуулж байх ёстой. Тэгж байж жүжиглэлтдээ түүртэлгүй дуулна. Тэрийг л сурахын тулд насан туршдаа суралцдаг. Хэдэн зэрэг зүйлд анхаарна. Дээрээс нь өөрийнхөө хоолойд санаа тавина. Хөдөлгөөндөө түүртэхгүй, удирдаачаа, хамтарч жүжиглэж байгаа жүжигчнээ мэдрэх гээд бүх зүйлийг гартаа оруулна гэсэн үг.
-Анхаарлаа олон салгадаг байх?
-Маш олон. Жишээлбэл хамтарч дуулж буй бол хайртайгаа харуулна, ард талд нь байгаа хоор хэзээд нь орж ирэх, хэзээд нь гарч байгааг, хаана хоолой нийлж салж байгааг, удирдаачаа мөн харна, ер нь сургуулилтаа яс бэлдсэн л байх ёстой. Тэгээд найруулагчийн өгсөн нотыг бүх зүйлийг тархиндаа кодолж унших. Ерөөсөө л ингээд хүний тархи 10-20 сална. Маш их энерги зарцуулдаг.
-Дуулсныхаа дараа их ядарснаа мэдэрдэг үү?
-Асар их ачаалал авсан байдаг л даа. Бид алга ташилтдаа жаргаж орж ирдэг боловч тайзны ард гарсны дараа ам их цангачихсан, их өлсчихсөн байдаг. Яг үнэнийг хэлэхэд 100 грамм татаж тархиа амрааж, хар шоколад ч иднэ шүү дээ.
-Тайзан дээрээс үзэгчдэд анхаарал хандуулах боломж байдаггүй юм шиг санагдлаа…?
-Тайз бол байнга хүнийг айлгаж байдаг. Ямар ч хүлээн зөвшөөрөгдсөн мундаг хүний зүрх дэлсдэг. Миний хувьд тайзан дээр гарахаасаа өмнө, хувцас, үс, биедээ түүртэхээргүй болтлоо өөрийгөө бэлдэж гардаг. Тайзан дээр гарсан л бол гадна орчныг бүхнийг мартана. Би аавын тухай дуулж байгаа бол түүнийгээ л үзэгчдэд ойлгуулах ёстой. Түүнээс үс маань энд тэндээ унжина уу, зүүлт маань тухгүй мэдрэмж төрүүлнэ үү ерөөсөө хамаа байхгүй. Азаар тийм юм болж байгаагүй л дээ. (инээв) Бүтээж буй дүрдээ л орох ёстой.
-Таныг “Классик жим” хамтлагт ороход хүмүүс их шүүмжлэлтэй хандсан. Шүүмжлэлээс болоод больчихсон уу?
-Хүмүүсийг шүүмжлэхэд намайг хайрлаж шүүмжилж байна гэж бодсон. Миний хоолойг хайрласан байх. “Чиний хоолой дөрвөн бадаг дуулах хоолой биш. Чиний хоолой дуурийн олон дүрийг дуулаад түүнд хүчээ сорих хоолой” гэж хүмүүс хүлээсэн учраас. Хэрвээ дөрвөн бадаг дуу дуулаад явбал тэр хүн зэвэрнэ, тэр дуунаасаа цааш гарч чадахгүй. Хүний хоолой чинь яг бодибилдингийн тамирчин шиг. Дуулж, дасгалжуулах тусам чанга булчинлаг, олон цагаар дуулах тийм чадварыг олж авч байдаг. Дуулахгүй байх тусам зэвэрнэ. Дуурийн дуучин хүн өөр жанраар дуулах юм бол тэр школоороо дуулж чадахаа больдог. Тиймээс би мэргэжлээрээ явах ёстой. Тиймээс үндсэн чиглэлээ барих ёстой юм байна гэж бодсон.
-Уран бүтээлч хүнд өөрийн гэсэн онгод гэж байдаг шүү дээ. Танд тийм зүйл мэдэрдэг үү?
-Миний хоолой бол надаас нүүрээ буруулж байсан удаа байхгүй. Тайзан дээр гарах бүрт онгод тэнгэр гэдэг нь байж байдаг. Дуурийн дуучид бол хувийн зохион байгуулалт маш сайн байх ёстой. Хоолойгоо зарцуулж дуулахын тулд ялангуяа хамрын ханиад хүрч болохгүй. Ерөөсөө л тухайн хүний хоолойн насжилт, хувь хүний зохион байгуулалт л даа. Сайн яваад, сайн зохион байгуулалттай явах юм бол олон жил дуулна шүү дээ.
-Гадаадын эрдэмтэд Монголын дуучдын хоолойн цар хүрээг байгальтай нь холбон үздэг юм билээ. Та ер нь үүнийг мэдэрдэг үү?
-Мэдрэлгүй яахав. Жишээлбэл Орост бага ястнууд нь сайн дуучид байдаг. Энэ бол батлагдсан. Хүн чинь ерөөсөө л байгалийн амьтан. Хөвсгөл аймаг өндөр уул нурууд ихтэй. Би ер нь зун болгон нутаг руугаа явж, Монгол орноороо аялж энергиэ авдаг. Хөдөө явахдаа зураг авна. Байгалийн зураг авах их хоббитой.
-Та мэргэжлийн урлагийн салбарт хоёул ажилладаг гэсэн. Гэр бүлийнхээ тухай яриач?
-Манай гэр бүлийн хүн урлагийн хүн. Бас дуучин мэргэжилтэй. Нэрт Ц.Пүрэвдорж гуайн шавь, дуурийн дуучин мэргэжилтэй. Гэр бүлээрээ дуулаад явахад хэцүү болохоор намайг дуул гэж өөрөө өөр ажил хийсэн. Гэхдээ мэдээж урлагийн хүн болохоор дуулахаа хаяагүй. Ер нь хань сайн байж л би уран бүтээлээ хийнэ шүү дээ. Адилхан урлагийн хүн болохоор намайг сайн ойлгодог.
-Эмэгтэй хүний амьдрал ээдрээтэй бусгаатай. Энэ хүнийг ханиа гэж яаж олж сонгов?
-Ялангуяа урлагийнхан чинь их “шалгалт авдаг” хүмүүс юм билээ. Хэрвээ хань ижил нь өөрийнх нь тэр зүйлийг ойлгохгүй бол тэр хүнээс сайхан бүтээл гарахгүй. Тийм болохоор бүтээлээ сонгохын тулд тэр амьдралыг хаядаг байхгүй юу. Би хайр сэтгэлийг сонгохгүй би урлагийг сонголоо гэсэн тохиолдол зөндөө бий. Би бол хоёуланг нь сонгосон. Хоёуланг нь хийж чадаж байгаа гэдгээ бардам хэлж чадна. Зөндөө янз бүрээр хэлэгдэж, бичигдэж явж байсан удаа бий. Явсаар байгаад сүүүлдээ догширдог юм билээ хүн. Хэр баргийн юмнаас айхаа больж эхэлнэ шүү дээ. Ингээд би ерөөсөө л намайг хайрладаг хүнийг л олж суухыг бодсон. Намайг чин сэтгэлээсээ хайрлах, миний дуртай зүйлийг хийлгэчих тийм л хүнийг би сонгосон.
Би зөв хүнээ сонгосон гэж боддог. Би ер нь хүүхэд шиг зантай. Хүнийг хэзээ ч ашиглая гэж бодож байгаагүй. Тэр хүүхэд зангаараа явж байгаад л нөхөртэйгөө таарсан. Нөхөр маань хүртэл “Чамд би сануулахгүй л бол хар буруу санахгүй шууд хэлсэн үгэнд итгэнэ” гэдэг. Гэхдээ би итгэмтгий байсныхаа төлөө хэн нэгэнд гомдож шаналж үзээгүй. Би дуурийн асар хүнд сэтгэлзүйн дүрүүдэд дуулаад тэр дүрүүдээсээ суралцдаг байх. Зовлонг дүрүүдээрээ туулаад гарчихдаг гэх юм уу.
-Хүнийг өөрөөс нь илүү өөр хүн мэдэхгүй шүү дээ. Та ер нь өөрийгөө ямар эмэгтэй хүн гэж боддог вэ?
-Би хүн харахад галтай дөлтэй, хурц зан ааштай юм шиг харагддаг гэхдээ яг цаагуураа бол дөлгөөхөн хүн шүү дээ. Тэр чанараа гэртээ байх үедээ тод анзаардаг.
-Дуурийн театрын менежмент, хөгжил зогсонги, үзэгчээсээ хоцорч байна гэж миний хувьд үздэг. Дотор нь ажилладаг хүний хувьд та юу гэж харж байна?
-Хүн болгон л дотроо бодож явдаг байх. Би бол орсон цагаасаа хойш, үеийн үед л энэ тухай бодож явдаг. Би дарга биш учраас тэрийг өөрчилж чадахгүй шүү дээ. Театрын маркетингэд сэтгэл дундуур байдаг. Бидэнд асар том боломж уг нь бий. Манай дуурийн театрын бүх дуучин од болох боломжтой.
Гэтэл иим маркетинг хийж чаддаггүй. Энэ маркетингаар мэргэшсэн мэргэжилтэн ч манайд ирдэггүй. Буриадын театр л гэхэд хажуудаа дуу бичлэгийн студитэй, бүр зочид буудалтай байдаг. Гэтэл манай Монголын дуурийн театрт тийм юм байдаггүй. Хийсэн зүйлээ хэдэн тийшээ бичүүлэх гэж гуйж царай алдаад л явдаг. Бүр хоцрогдохын дээдээр хоцрогдчихсон. Бид үүнийг ярих, хэлэх ёстой. Нэг дуучны хувийн тоглолт, хувьсгалын тоглолтыг зэрэгцүүлээд хараад үзээрэй. Асар ялгаатай.