Үндэсний статистикийн хороо (ҮСХ), ЦХХХЯ хамтран өгөгдлийн засаглалыг хөгжүүлэх, төрийн байгууллагуудын захиргааны мэдээллийг нэгтгэж, чанарыг сайжруулахаар ажиллаж байна.
Энэ талаар манай улс Европын орнуудын статистикийн байгууллагатай хамтарч ажиллах хүсэлтэй байгааг ҮСХ-ноос Европын холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Аксель Никэйзэд хандан өнгөрсөн 5 дугаар сард илэрхийлсэн юм. Дээрх хүсэлтийн дагуу Европын холбооны гишүүн Финланд, Польш, Испани, Румын болон Монгол, БНСУ-ын төрийн байгууллагуудын статистик өгөгдлийн мэргэжилтнүүд “Өгөгдлийн засаглал, менежмент” сэдвээр Улаанбаатар хотноо чууллаа.
Есдүгээр сарын 12-14-нд болж буй дээрх сургалт, хэлэлцүүлгийн талаар ҮСХ-ны дарга Б.Батдаваа хэлэхдээ, “Өгөгдлийн засаглал, менежмент”-ийн талаар олон улсын хэмжээнд санал солилцож, зөвлөмж гарган хуваалцаж буй нь цаг үеэ олсон, манай улсад үндэсний хэмжээний бодлого боловсруулж, хэрэгжилтийг хангахад чухал мэдээлэл болно гэдгийг онцоллоо.
Уулзалт, хэлэлцүүлгээр Испани улсын Хууль зүйн яам, Румын улсын Цахим хөгжлийн газар, Польш болон Финланд улсын Статистикийн хороо болон ҮСХ-ны мэргэжилтнүүд өгөгдлийн засаглал, менежментийн талаар туршлага солилцлоо.
ҮСХ нь дэлхийн статистикийн байгууллагуудын мэдээллийн нээлттэй, хүртээмжтэй байдлыг үнэлдэг “Open Data Watch” байгууллагын үнэлгээгээр 192 орноос наймдугаарт, Зүүн Азийн бүс нутагтаа нэгдүгээрт эрэмбэлэгдэж, 2020 оны үнэлгээнээс 1 шат ахиад байна.
Мэдээллийн өгөгдлийн засаглалыг бэхжүүлэх хүрээнд “Төрийн нэгдсэн мэдээллийн сан: Төрийн Их өгөгдөл” төслийг манай улсад Азийн Хөгжлийн банк (АХБ)-ны техник, санхүүгийн тусламжаар хэрэгжүүлж байна.
ҮСХ-ны дарга Б.Батдаваа “Өгөгдлийн шинжилгээ дэлхий даяар эрчимтэй хөгжиж байна. “Төрийн нэгдсэн мэдээллийн сан: Төрийн их өгөгдөл” төсөл хэрэгжсэнээр Монгол Улсын хэмжээнд өгөгдлийн засаглалыг бий болгох юм” гэдгийг тодотгож, “Төрийн мэдээллийн чанарыг сайжруулж, зөрүүтэй байдлыг арилгахаас гадна салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлнэ. Тиймээс мэдээллийн аюулгүй байдал, түүний дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлд онцгой анхаарна” гэсэн юм.