2024-07-23, Мягмар
17 C
Ulaanbaatar

Ө.Ганзориг: Цээжлэлтэд суурилсан системээс татгалзаагүй учраас монгол сурагчид муу үнэлгээ авлаа

“PISA-2022” сурлагын амжилтын олон улсын үнэлгээний дүн сошиал орчинд олны анхаарлыг татаж байна. Монгол сурагчид математикийн хичээлээр олон улсын дунджаас 2.3 жилээр хоцорсон, унших чадвараараа 81 орноос 65-д жагсаж сүүл мушгисанд бухимдаж, шүүмжлэл өрнүүлцгээгээд эхэллээ. “Боловсролын реформ” хөдөлгөөнийг үндэслэгч Ө.Ганзориг энэ талаар байр сууриа илэрхийлэн лайв хийлээ. Түүний өнөө өглөө хийсэн лайвын онцлох эшлэлүүдийг хүргэе.

  • Монголчууд математиктаа их сайн гэж бодож ярьж ирлээ, бид. Олон улсын PISA-гийн шалгалтад хамрагдсан дүнг харахад маш муу үнэлгээтэй гарлаа. Уншиж ойлгох чадвар 81 орноос 65 дугаар байранд орчихож. Ер нь ажил, амьдрал дээр харагдаж л байдаг үнэн. Албан бичиг бичиж чадах хүн ч олдохоо болсон нь нууц биш. Яагаад ийм асуудал үүссэн бэ гэсэн асуулт тавиад харъя. Манай боловсролын систем цээжлэлт суурьтай, социализмынхаа загвараас гараагүй учраас тэр. Цээжилж юм сурсан хүүхдүүд уншсан зүйлээ ойлгодоггүй.
  • Уншиж, ойлгох чадваргүй хүмүүс математиктаа сайн байгаад яах юм. Ийм хүмүүсийг худалдаж авахад маш амархан. Гучаад жилийн дараа эргэж харахад Хятад номер нэг, Монгол сүүл мушгиж байна.
  • Унших чадварын тухайд монгол хэлэнд реформ хийх цаг болсон. Монгол хэлний зөвлөл дээр хэлний философич алга. Баахан хэлзүйч л сууж байна. Шууд бичиэхд тэд кирилл бичиг судлаачид төдий шүү дээ. Кирилл бол оросоос хуулсан л бичиг. Гэтэл монгол хэл хэдэн мянганы түүхтэй. Монголчууд бол хэдэн мянганы бичиг соёлын түүхтэй ард түмэн. Гэтэл өнөөдөр кирилл бичгийн хэдэн хэлзүйчид бөжин гэж бичих үү, бүжин гэж бичих үү гэж маргаад суух юм. Хэнд ч хүртээлгүй дэмий маргаан.
  • Манай улсын Боловсролын сайдын ажлаа хийх дундаж хугацаа жил гаруй. Бас мэргэжлийн бус хүнийг тавьчихдаг асуудал бий. МАН, АН хоёр ийм маягаар 33 жилийн турш Монголын боловсролыг хорлолоо. Би тэднийг, үе үеийн Боловсролын сайд нарыг “арчаагүй амьсгаа”-нууд гэмээр байна. “Арчаагүй амьсгаа”-нуудыг 1.5 жилийн хугацаатайгаар тавихаа больж байж Монголын боловсрол өөд нар харна. Л.Энх-Амгалан сайд PISA хийлгэх талд толгой дохиж байж бид ямар байгаагаа мэдэж авлаа. Гэвч Л.Энх-Амгалан боловсролын реформ хийсэнгүй.
  • Сэтгэлтэй, зүтгэлтэй хүнээ Боловсролын сайдаар тавибал би боловсролын реформ яаж хийх гарцыг нь заагаад өгье. “Амиа бодсон амьсгаа”-д чих рүү нь алт цутгаад ч нэмэргүй учраас хэлж өгөх сонирхол алга. Олны төлөө, улсынхаа төлөө гэсэн сэтгэлтэй бол Боловсролын реформ хөдөлгөөнийнхөнтэй уулзаж санаа оноог нь сонсох л байсан. Харамсалтай нь Боловсролын сайд бидэнтэй уулзах нь битгий хэл, хандаж залгаа ч үгүй.
  • МАН завсаргүй 12 жил засаглалаа. 12 жил гэдэг бол боловсролын реформыг гялалзтал хийчих хугацаа. Ард түмэн та нараас реформ хүсээд л сонгоод байгаа юм.
  • Монголчууд тэр, энэ Ерөнхий сайд сайн байсан гэцгээдэг. Үгүй шүү дээ, Монголын бүх Ерөнхий сайд энэ улсыг “алахад” хувь нэмрээ оруулсан. Монгол түмнийг авч явах Ерөнхий сайд болчихоод сонгуульд цуг зүтгэсэн таван хулгайчаараа хүрээлүүлээд яваад байдагт нь би хувьдаа гайхдаг.
  • Манай төр засаг барьдаг нөхөд архи уухаараа “Чингис агуу шүү” гэж цээжээ дэлддэг. Ингэж худал хөөрцөглөхөөсөө илүүгээр Чингис хаанаасаа суралцах хэрэгтэй. Чингис хаан дэлхийн мэргэдийг урьж зөвлөгөө авдаг байсан. Тэгдэггүй юм аа гэхэд Монголын шилдэг менежерүүдээ, намайг урьж зөвлөгөө аваач ээ, Ерөнхий сайд аа. Намайг дэргэд нь оччихоор орон зайг нь эзэлчихнэ гэж айдаг шиг байгаа юм, тойрон хүрээлэгчид нь. Надад Л.Оюун-Эрдэнэтэй ойр байх ямар ч сонирхол байхгүй.
  • Боловсролын салбарын хүн энэ салбарт реформ хийж чадахгүй. Менежер хүн л реформ хийнэ. Монголд тийм чадалтай, амиа бодсон атгаг хандлагагүй, түмний төлөө гэсэн сэтгэл зүтгэлтэй менежер олон бий.
  • Боловсролын реформ хийнэ гэдэг бол хуулинд таван заалт оруулахыг хэлдэггүй. Гэтэл УИХ-ын гишүүд нь хууль баталсныгаа боловсролын реформ хийсэн гэж хөөрцөглөөд байх юм. 250-300 жижиг багц реформыг зэрэг хийж байж жинхэнэ реформ болно.
  • Гадныхан монгол хүүхдийг маш сайн өгөгдөлтэй гэж үздэг. Гэтэл бид тийм өндөр өгөгдөлтэй хүүхдүүдээ социализмын үеийн хуучин системтэй махны машиндаа оруулаад уншиж ойлгох ч чадваргүй нэгэн болгочихож байна.
  • Боловсролын реформ хийе гэвэл еврей, хятад үндэстнийг судлах ёстой. Тэднээс сайныг нь авахдаа өөрийн гэсэн стратегиа шингээх учиртай. Би стратегийг нь гаргачихсан. Миний толгойд дэлхийн ямар ч боловсролын системд байхгүй өвөрмөц нууц бий. “Амиа хичээсэн амьсгаа” нарт бол хэлэх хүсэл алга. Агуу хувь заяатай ард түмнээ дахин нэг удаа дэлхийд манлайлагч үндэстэн болгох стратеги нь надад байна. Даанч тийм үндэстэн болгох хүсэл төрд байгаа “амиа хичээсэн амьсгаа” нарт алга. Боловсролын реформ хөдөлгөөний пэйж хуудсанд хэрэгтэй бүх мэдээлэл бий. Тэр мэдээлэлтэй танилцаж ядаж өөрсдөө хүүхдүүдээ уншиж сургацгаая. Хэдүүлээ л хамтдаа ирээдүйгээ аврах юм байна. Боловсролын реформ хөдөлгөөнийг дэмжээрэй гэж уриалъя.
- Сурталчилгаа -spot_img

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img