2024-07-20, Бямба
20 C
Ulaanbaatar

Барууныхныг гайхашруулдаг азиуд буюу сурахын төлөөх тэмцэл

Амжилтанд хүрэх цорын ганц зам бол “сайн боловсролтой байх” ёстой хэмээдэг Азийн олон орноос Япон, Тайвань, Сингапур, Хятад, Хонгконг, Макао, Солонгос улсад сурахын төлөөх уралдаан хүүхдүүдийн оюуны “шандасыг” жинхэнэ шавхдаг.

Үүний нэгэн тод жишээ нь гурван жил тутам, ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчдаас “Математик”, “Шинжлэх ухаан”, “Уншиж ойлгох чадвар”- ыг үнэлэн тогтоодог PISA хэмээх шалгалт билээ. Уг шалгалтын хамгийн дээд оноо 600 харин доод оноо нь 300.

PISA шалгалтыг дэлхийн 79 улс орны 15 нас хүртэлх насны хүүхдүүдээс авсан үнэлгээг сонирхуулъя. Энэ бол 2019 оны 12 сарын 3-ны өдөр гаргасан үнэлгээ гэдгийг тодотгоё. Жагсаалтаас аль орны сурагчид, ямар түвшинд байгааг харахад сонирхолтой дүр зураг харагдана.

Хятадын сурагчид

  • Математик – 600 – 590 оноо
  • Шинжлэх ухаан – 600 – 591 оноо
  • Уншиж ойлгох чадварт – 600- 555 оноо тус тус авч тэргүүлжээ.

Удаах байруудад Сингапур, Макао гэх мэтчлэн жагссан бол Япон, Тайвань, Вьетнам, Солонгосын хүүхдүүд эхний аравт багтсан юм. Хамгийн доод оноотой нь Филиппин, Бүгд Найрамдах Доминикан Улсын сурагчид. Тус улсын хүүхдүүд 300 гаруйхан оноо авсан байна.

Азийн эдгээр орны хүүхдүүд дэлхийн бусад улсын хүүхдүүдээс илт давамгай байгаа нь олон улсын анхаарлыг онцгой татаж ВВС болон бусад сонин хэвлэлийнхэн маш сонирхолтой нийтлэлүүдийг удаа дарааллан гаргасан билээ.

2017 онд PISA шалгалтын тэргүүн болсон Солонгос оронд хүүхдүүд хэрхэн яаж сурч байгааг “Сөүлийн Үндэсний Их Сургуулийн” багш нар маш товчхон ингэж дүгнэсэн юм.
“Шилдгийн шилдэг” сурагч байх гэдэг юуны түрүүнд зорилгоо зөв тавьж түүндээ тууштай байх” гэж тэд хэлж байна. Жишээ нь эмч болохыг хүсч яваа хүүхдүүд дунд сургуульд, өөрөөр хэлбэл 12 – 15 настайдаа хими, биологийн хичээлийг аль хэдийнэ гүнзгий үзээд эхэлчихсэн, ангидаа толгой цохидог болчихсон байдаг аж.

Сөүлийн Үндэсний Их Сургуулийн багш нарын онцолж буй дараагийн зүйл бол сэтгэл зүйн хувьд бэлтгэгдсэн хүүхэд амжилтанд хүрдэг гэх дүгнэлт. Ийм хүүхдүүд бусдаас илүүтэйгээр хичээлдээ төвлөрч, сэтгэл санааны ачаалалыг гайхалтай даах чадвартайн зэрэгцээ олон цагаар хичээллэж чаддаг юм байна. Учир нь анги ахих тутам эцэг эхийн анхаарал шахалт ихсэж, сургууль багш нарын шаардлага өндөрсөж зарим хүүхэд ачаалал дааж чадахгүйд хүрдэг гэнэ.

сурагчидХамгийн дээд дүн авахгүй бол сургуульд орж чадахгүй нь ойлгомжтой тул хүүхдүүдийн дунд сурахын төлөөх уралдаан жинхэнэ утгаараа өрнөдөг байна.

Сөүл хотын Ганнам- гү дүүргийн дунд сургуулийн сурагчид өдрийн цагаа нарийн цагийн хуваарьтайгаар өнгөрөөж, хэрхэн яаж шаргуу хичээлдэг болохыг ВВС -ийн сэтгүүлч сурвалжилжээ. Тэрээр Хиэ- Мин Пак гэдэг 16 настай охиныг даган сурвалжилсан аж.
Хиэ- Мин охин өглөө бүр яг 6: 30 цагт босно, сургууль нь 8 цагт эхэлж үдшээс хойш 4 цаг гэхэд дуусдаг байна. Хэрэв ямар нэгэн дугуйлантай бол 5 цагт гэрээсээ гарна. Хиэ- Мин хичээлээ тараад гэртээ ирж хөнгөн цайлж аваад, эргээд л автобусанд сууж хоёр дахь сургууль “хагвон” буюу хувийн сургалтын төвд ирж оройны 6-9 цаг болтол гүнзгийрүүлсэн хичээлдээ сууна. Үүний дараа охин ахиад 2 цаг суухдаа өдөр үзсэн хичээлүүдээ уншиж, бодож, дасгал даалгавраа бие даан хийдгийг BBC-гийн сэтгүүлчийн сурвалжлагаас харж болно. Өдрөө ийн завгүй хичээллэж өнгөрөөсөн охин шөнийн 11 цагийн өмнөхөн гэртээ ирдэг байна. Гэртээ амрангаа ойр зуурын ажлаа амжуулаад шөнийн хоёр цагт унтаж, өглөөний 6: 30-д босоод л хичээлдээ яарна. Охины хоногийн хэмнэл нэг иймэрхүү өрнөнө.

Яаж үргэлж ийм хатуу цагийн хуваарийн дагуу хичээллэж чадаж байгааг сэтгүүлч гайхан асуухад охин “ Заримдаа ядралгүй яахав, гэхдээ би нэг их тоож анзаардаггүй. Дүн, шалгалтын оноо минь сайн байгаад л маш их баярладаг. Харин хичээлээ хийхгүй бол санаа зовж тайван байж чаддаггүй. Бидэнд сайн сурахаас өөр ямар ч зам байхгүй” хэмээн хариулжээ.

Солонгосын сургууль дээр анзаарагдсан нэг сонин зүйл нь зарим нэг хүүхэд хичээл дээр унтаж байхад багш нар ч бусад хүүхдүүд ч сэрээлгүй унтуулдаг юм байна. Нэмэлт сургуульд сурах, илүү цагаар хичээл хийх нь Солонгосын бүх өсвөр насны хүүхдийн өдөр тутмын амьдралынх нь хэв маяг болж нэгэнт хэвшжээ. Сургуулийн дараах сургалтын төвүүд /хагвон/ эрэлт ихтэй учир 100.000 гаруйгаар тоологддог. Үнэ төлбөр нь ч өндөр аж.

Англичууд математикийн гэнэтийн шалгалт авч туршихаар шийдэж солонгос сурагч Хиэ- Мины сурдаг сургуулийг зорьж очжээ. Тэд тааралдсан дурын зургаан хүүхдээс Англи, Уэйльс, Умард Ирландын дунд сургуулиас авдаг “GCSE” хэмээх шалгалтыг аваад нүд нь орой дээрээ гарах шахаж. Гарак сургуулийн сурагчид шалгалтын цаг дөнгөж талдаа орж байхад тоогоо бодож дуусчихаад өөр зуураа хөгжилдсөн шигээ сууцгааж. Зургаан хүүхдийн дөрөв нь 100 хувь, үлдсэн 2 нь ганцхан оноо дутуу авсан нь англичуудын хувьд үнэхээр гайхам явдал байж. Шалгалтын дүнг харсан Их Британийн Боловсролын сайд атаархаж буйгаа нуухгүй хэлж, Английн дунд сургуулийн шалгалтын түвшинг засаж боловсруулах шаардлагатайг онцолж, Солонгос улсаас санаа оноо авах зүйлс их байгааг тодотгожээ.

Сайн боловсролтой хүн гэдэг улсын үнэт баялаг гэж эрхэмлэдэг эдгээр орны гол нууц нь их энгийн. Боловсролын систем -сургууль багш – эцэг эх – хүүхдүүд хоорондоо нягт холбоотой ажиллаж чаддаг учраас дэлхийн олон орны анхаарлыг амжилтаараа гайхашруулсан хэрэг.

  • Түлхүүр үг
  • PISA
- Сурталчилгаа -spot_img

1 сэтгэгдэл

  1. азиуд заасан юмыг л сайн сурдаг европууд илүү бүтээлч аз турших дуртай илүү тэсрэлттэй

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img