2024-07-24, Лхагва
16 C
Ulaanbaatar

Р.ЦОЛМОН: Ханиадыг эм биш эмчийн ур чадвар л гүйцэт эмчилнэ

"Сумади" уламжлалт эмнэлгийн их эмч Р.Цолмонгоос ханиадны талаар тодрууллаа.

-Ханиадыг уламжлалт анагаах ухаанд хэрхэн ангилдаг вэ. Эмчилгээ тус бүр нь ямар байдаг бол?

-Уламжлалт анагаах ухаанд ханиадыг хүний биед илрэх шинж тэмдэг, орших орных нь үүднээс дөрвөн зүйл болгон ангилдаг. Нэгдүгээрт хамрын ханиад. Найтаах, загатнах, нүд улайх, толгой, нүдний уг, чихээр хатгуулах, хамраас ус гоожих зэрэг шинж тэмдэг илэрдэг. Энэ үед утлага, дусаалга, эм, тангийн эмчилгээ илүү хурдан үйлчилнэ. Хоёрт хоолойн ханиад гэж ангилна. Ийм үед хоолой аргах, ирвэгнэх, халуун эсвэл сэрүүн оргих, зарим үед ханиалгах, шүлс залгихад залгиур орчим хөндүүрлэх, дуу сөөнгөтөх, хаагдах зэрэг шинж тэмдэг илэрдэг.

Хоолойн ханиад хүрсэн үед халууралт заавал хамт явагдана. Учир нь залгиур орчмын хамгаалалт болсон гүйлсэн булчирхай өвддөг юм. Иймд хоолой зайлах угаалга, утлага, цацлага, эм тангийн эмчилгээ илүү тустай. Гуравт нь ханиад орно. Ханиалгах, амьсгаадах, цээжээр хөндүүрлэх, цэр ихсэх буюу багасах, өнгө нь хувирах, хөөсрөх, зүрх дэлсэх зэрэг шинж тэмдэг илэрнэ.

Эм, тан, туулга, бөөлжүүлгэ, хануур, хатгуур эмчилгээ үр дүнтэй. Мөн халдварт ханиад гэж байна. Цаг улирал, үүсгэгч нянгийн дэгдэлтээс хамаарч дээрх шинж тэмдэг, орших орон холилдон гарах бөгөөд нэгэн хүрээний олон нийтэд түгэн халдварладаг. Эмчилгээний хувьд нянг нядлах, тамир тэтгэх зарчимаар дээрх эмчилгээний аль тохирохыг хийдэг.

-Өрнийн анагаахаар эмчлүүлж байгаа үед ханиад эхлэх, эрчимжих, эдгэх гэсэн үе шат байх шиг санагддаг. Уламжлалтад энэ процессыг хэрхэн тайлбарладаг вэ?

-Ханиад хийн гүйдэл, орших орныг хямраах тул үе шатны хувьд олон зүйл байна. Хийн хувь их байснаар “эс боловсорсон”, бадган сальс, нус цэр, шүүрэл их байснаар “нуугдсан”, шар ус, биеийн шингэнтэй холилдож “булингартсан”, цус шарын халууны хувь их байснаар “дэлгэрсэн” гэх мэт хувирал гарна. Иймд ханиадыг эм биш эмчийн ур чадвар л гүйцэт эмчилнэ.

-Ханиад дөнгөж эхэлж байгаа үед яавал зүгээр бол?

-Ханиад дөнгөж хүрч эхэлж бгаа үед халуун аарц, чацаргана, Вит С, саримстай адууны махны шөл, битүү шөлөө ууж, халуун усанд хэвтэж маш сайн хөлрөөд даарахгүй байвал маш хурдан эдгэнэ. Гэхдээ хамгийн сайн нь буцалсан халуун ус. Буцалсан халуун ус сайн уух хэрэгтэй.

-Ханиад хүндэрсэн үед юунаас сэргийлэх ёстой вэ?

-Ханиад хүндэрсэн тохиолдолд хурц, исгэлэн, халуун ногоотой, элдэв янзын зүйлс хэрэглэвэл улам хүндрүүлнэ. Тэгснээс хонь, үхрийн махаар шөлтэй, жигнэсэн хоол, зутан шөл хийж бага багаар идэж, халуун бүлээн ус, хярам, бага зэргийг жамц давстай ус, бор цай, мөсөн чихэртэй ус уух нь илүү сайн.

-Ханиад эдгэрч байхад хийвэл зохих эмчилгээг сонирхуулаач?

-Ханиад эдгэрч бгаа сүүлийн хэсэгт ямар ч өвчний үед ХИЙ үүсдэг. Энийг анзаарахгүй тоохгүй орхивол хий ханиалгадаг болоод л үлдэнэ. Иймээс ханиадны сүүлийн хэсэгт тосон бариа хийх, уушгины цэгүүдэд төөнөх, шар тосонд хайрсан хуушуур бариулах, идүүлэх, хар шөл уулгах, таван цулын шөл өгөх гэх мэтээр шим тэжээлтэй хоолоор тамирыг тэтгэх хэрэгтэй. Эцэст нь зөвлөхөд ханиадны энэ үе шатуудад тохирсон эм танг эмч нараасаа авч уугаарай. Өөрөө дур мэдэн хэрэглэж болохгүй.

-Удсан ханиаданд ямар эмчилгээ хийдэг бол?

-Дүдзи 10-ыг удсан ханиаданд рашаан адил хэмээдэг. Ахиад сануулахад ханиадны аль ч шатанд байсан мэргэжлийн эмчид үзүүлж, эмчилгээ хийлгэж, зөвлөгөө авч байж л зөв эмчилгээ болно.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img