2024-05-17, Баасан
13 C
Ulaanbaatar

Р.Цолмон: Хий хөдөлж байгаа дөрөв, тавдугаар сард мацаг барьж болохгүй

“Сумади” уламжлалт анагаах ухааны эмнэлгийн их эмч  Р.Цолмонтой хий арвидах өвчний талаар ярилцлаа. 

-Хавар хий суурьтай өвчнүүд ихэсдэг гэдэг. Хий арвидаад байгааг яаж мэдэх вэ?

-Уламжлалт анагаах ухаанд хаврын улирлыг хоёр хувааж үздэг. Цагаан сарын дараа хаврын сар эхэлдэг гэж үздэг шүү дээ.  Хоёр, гурван сарыг хаврын эхэн,  дөрөв болоод  таван сарыг хаврын сүүл хэсэг буюу  тэжээлийн улирал гэж үздэг. 

Хаврын эхний хэсэгт өвөлжингөө хүний биед байсан хүнд, тосорхог бэлгэ чанар дийлэнхи бадган махбод хөдөлж эхэлдэг. Энэ үед нозоорч, залхуу хүрэх, нойрмог болох, бие хүндрэх, нус цэр ихэсдэг. Өвлийн ханиад нь дарагдаж байсан хүүхдүүдийн цэр улам ихэснэ. Энэ хаврын эхэн үеийн шинж. 

Дөрөв болоод таван сарыг хий хөдлөх цаг гэдэг. Энэ үед хүний биед байдаг хий махбодийн хөнгөн, хөлбөрөмхий, нарийн, ширүүн, хүйтэн, чийрэг гэсэн бэлгэ чанарууд ихэссэнээр хүмүүст амархан ядарч сульдаж, сэтгэл санаа тайван бус болох шинж илэрдэг. Мөн үе мөчний өвчин хөдлөх, чих шуугих, гэдэс дүүрэх, толгой эргэх, арьс хуурайших, нойр муудах шинжүүд илэрдэг. Хий зүрхэнд оршдог учраас сэтгэл санаатай холбоотой шинжүүд ч илэрнэ. Сэтгэл санаа тайван бус болох, санаа зовомтгой болох, угаасаа сэтгэл санаа тогтворгүй байдаг хүмүүсийн тэр байдал нь улам нэмэгддэг. 

-Даралт  ихсэж үгүй бол буурах нь хийтэй  холбоотой байж болох уу?

-Даралтыг уламжлалт анагаах ухаанд цусаар болон хийгээр ихэсдэг гэж үздэг. Цус, хий хоёулаа байж биеэр цус эргэлддэг. Хийгээр даралт ихэсдэг хүмүүс гэвэл дөнгөж амаржсан эхчүүд, сэтгэл санааны хувьд тайван бус, санаа зовомтгой, их ярьдаг, өндөр настай  хүмүүс байж болно. Төрөлхийн хий ихтэй, туранхай, хоол тэжээл муу иддэг, цус багадалттай хүмүүс байж болно. Тийм хүмүүсийн даралт нь хийгээр огцом ихсэж буурдаг. Тэр байдал нь хаврын улиралд нэмэгддэг.

-Даралт ихсэхээр даралт буулгах эм уудаг. Гэтэл даралт буурсан үед яах ч арга байхгүй гэдэг юм билээ?

-Хийгээр  ихэсдэг даралт огцом ихэсдэг. Айгаад даралтны эм уучихаар огцом буурчихдаг. Тэр их осолтой. Тэрийг уламжлалтаар сайн оношилж эмчлэх боломжтой. Дээрх шинж тэмдэг илэрдэг хүмүүс гурав, дөрвөн сараас уламжлалтын эмчид хандаж, хий дарах эмчилгээнүүд хийлгэх учиртай.  

Мөн хаврын эхээр бадган хөдлөх үед ходоод, уушгинд зовиур нэмэгддэг. Нус цэр, шүлс ихэсч, хоолны шингээлт мууддаг. Хавар хийн тухай яриад бадганыг орхигдуулдаг. Бадган хөдөлж байх үед бөөлжүүлэг эмчилгээ хийдэг. Тэр нь ходоод, амьсгалын зам, уушгийг ч цэвэрлэдэг. Бөөлжүүлэг эмчилгээг хавар хийлгэвэл нозоорч, ядрахгүй. Тэр тусмаа жингийн илүүдэлтэй, харшилтай, хамар нь битүүрдэг хүмүүс энэ эмчилгээг хийлгэвэл зохистой.

-Бөөлжүүлэг эмчилгээ гэхээр зарим хүмүүс бөөлжөөд байвал сайн гэж бодож магадгүй?

-Бөөлжүүлэг эмчилгээ хийнэ гэхээр зарим хүн “Өө би архи ууж шартаад, маргааш нь бөөлжчихдөг шүү дээ, тэр чинь ходоодоо цэвэрлэчихэж байгаа юм биш үү” гэдэг. Тэр бол огт өөр шүү. Буруу бөөлжвөл цөс нь ходоод руугаа хаягдаад,  сөөргөөтэй болно, хямарна. Эмч  үзэж оношилж, тусгай бэлтгэл хангаж хийдэг томоохон арилгах эмчилгээ юм.

-Хий арвидах гэдэг идэж байгаа хоол, дэглэмээс хамаардаг гэсэн үү?

-Хий арвидах боломжтой хүмүүс гэдэгт дөнгөж амаржсан, хөхүүл ээж нар багтдаг. Гэтэл хүүхнүүд хаван, илүүдэл жингээ бууруулах гээд сар болоогүй байж мацаг бариад, ус их ууж, элдэв янзын усархаг жимс ногоо зэрэг шимгүй хүнс ихээр иддэг. Жирэмсэн байхдаа ч таргалахгүй гээд дэглэм барьдаг. Долоо хоног болгонд нэг хийн үйлдлээр  ураг өсч бойжиж байдаг. Ээж хоол ундаа хориод, таргалчих вий гээд байхаар сэтгэл санаа нь хямарч, угаасаа хий хямарна. Дээр нь хоолоо хорьчихоор хий хямарна. Төрж байгаа хүүхэд хүртэл хий хямарсан, хямралтай хүүхэд төрөх магадлал ихэсдэг. Амаржингуутаа усан мацаг барьж, жимс нөгөө идээд эхлэхээр хий өвчин үүсгэх шалтгаан болдог. 

Буруу саруудад мацаг барьдаг. Хий хөдөлж байгаа дөрөв, тавдугаар сард мацаг барьж болохгүй. Тэр үед яах ёстой гэхээр аль болох хялбар шингэдэг, шим тэжээлтэй хоол идэх учиртай. Борцтой хоол, шөлтэй хоол, хайлмаг, шар тостой арвайн гурил, заримдаа хуушуур хайрч идэх,  хийцтэй, сүүтэй цай, хярам уух хэрэгтэй. Өдөрт нэг аяга бурамтай ус ууж байвал сайн.

Хэт их ярих, бухимдах, шөнө нойроо хагаслах, мацаг барих, хүйтэн ус, ногоон цай уух, газтай ундаа, жимсний хэрэглээг багасгах ёстой. Бүр хорих боломжгүй. Иддэг хэмжээнээсээ 50-70 хувь багасгах хэрэгтэй. Ингэж чадвал хийг сайн дарж өгдөг. 

Уламжлалтын мэргэжлийн эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй.

Хий өвчний үед хамгийн хэцүү нь олон шинж илэрдэг. Нэг өглөө босоход гар нь өвдөж байсан бол маргааш нь гар нь зүгээр болонгуутаа хөл нь өвдөөд, тэгснээ эрүүгээр өвдөөд, чихний сонсгол муудаад, шуугиад, арьс нь хуурайшаад, дээш хөөрөх, нүдний хараа муудах, хамар битүүрэх, үс унах, гэдэс дүүрэх зэрэг шинжүүд гарч эхэлнэ. Энд ч өвдөөд, тэнд ч өвдөөд гэсэн зовиур их хэлдэг.   

Яс өвдөхөөр үе мөчний эмчид хандаад, гэдэс дүүрэхээр ходоодоо дурандуулаад яваад байдаг. Гэтэл тэр хооронд хий гэдэг юм хамаг эд эрхтнийг хямраана. Эхний ээлжинд хугацаа алдахгүй, уламжлалтын эмчид хандах хэрэгтэй. 

-Их ярьдаг хүмүүс гэж дээр онцолсон. Багш, илтгэгч гээд ярьдаг ажилтай хүмүүс байж болно. Бас утсаар маш удаан ярьдаг хүмүүс, хов жив яриад суух нь  их ярих гэдэгт багтах уу?

– Багтана шүү дээ. Байнга ярьж байдаг, эмчилгээнд ирсэн ч ярьж байдаг хүмүүс байдаг.

Дэмий чалчаа яриа хэлний гэмд тооцогддог. Өдийд хаврын улиралд их ярихаас зайлхийх учиртай. Их ярих нь сүүлдээ зүрхэнд нөлөөлж байдаг. Шалтгаангүйгээр зүрх дэлсдэг болно. Зүрхний хэм алдагдаж, цохилохгүй байгаа мэт мэдрэмж төрнө. Гүнзгий санаа алдана.

Ингээд эхлэхээр хүн өөрийн мэдэлгүй сэтгэл гутралд орж байдаг. Явсаар байгаад энэ нь олон өвчний шалтгаан болдог л доо.

-Зарим хүн  тан уучихвал зүгээр гэдэг. Эхлээд эмчид хандах хэрэгтэй байх.

-Уламжлалтын эмч нарын өмнөөс яриад, зөвлөгөө өгдөг хүмүүс олширсон нь түвэгтэй байдаг.  Дураараа нэг нэгэндээ зөвлөдөг.  Европт байдаг нэг эмч уламжлалтын эмч биш  дархлаа судлаач гэж яриад байгаа юм. Тэр нь ч бас тодорхой биш.  Бариа хийдэг  шиг байгаа юм. Тэндээ нэг эмийн жортой ном олчихсон. Уламжлалтын эмч нар шүүмжлээд эхлэнгүүт тангуудыг кодлоод бөөрний тэд гээд код гаргаад, өдөрт хүнд найм, есөн төрлийн эм уулгаж байна шүү дээ. Тэр бол хүнийг хорлож байгаа хэрэг. Түүний заавраар эм уугаад, хий нь хямарсан хүмүүс манайд ирдэг. Олон тан ууж, их эмчилгээ хийлээ гээд сайн гэсэн үг  биш.  

Хий гээд ярихаар хүүхнүүд бариач дээр очоод “Савны хий гаргуулна” гэдэг. 

Савны хий гэдэг өвчин байхгүй. Уламжлалт анагаах ухаанд эмэгтэйчүүдийн хий бүрэлдсэн өвчин гэж байдаг. Тэр өвчин юунаас болж үүсдэг гэхээр олон удаагийн зулбалт, үр хөндөлт, жирэмсний дараах гам алдалт, буруу мацаг барих, нойргүйдэх ядрах, цистит байнга хөдлөх, дороосоо даарах гээд олон шалтгаанууд хий бүрэлдэхэд нөлөөлдөг.

Сав чинь ямар хийгээр дүүргэчихсэн шаар биш. Хий оруулаад гаргаад байдаг юм гэж үгүй.

Болохгүй юм идэхээр гэдэс дүүрээд шулуун гэдсээр хий гаргахаар аятайхан болдог. Түүн шиг үйл ажиллагааг үтрээнд явуулаад байгаа юм. Эмэгтэйчүүдийн хий бүрэлдэх өвчний үед  давсаг, хэвлийгээр  хий дүүрсэн мэт санагддаг.  Тэрийг эвийг нь олоод гаргачихаар дүүрээд байсан юм аятайхан болсон мэт санагддаг. Гэхдээ тэрүүгээр их оролдож, олон дахин буруу хийвэл хийн орон болох эмэгтэйчүүдийн хэсэгт нөлөөлөн цааш буруудвал зүрхний үйл ажиллагааг алдагдуулан, хүндэрвэл галзууруулах хэмжээнд очиж болзошгүй.

Тийм зовиуртай болсон эмэгтэйчүүд байдаг.

-Савны хийг тусгай аргаар гаргадаг уу?

-Тэрийг гаргах шаардлагагүй. Уламжлалт анагаах ухаанд савны хий гаргах  эмчилгээ байхгүй. Хийг тэгшитгэх эмчилгээ л байдаг. Хэдэн жил болсон өвчнийг  хэдэн удаа бариад зүгээр болохгүй шүү дээ. 

-Та түрүүн бурамтай ус уухыг зөвлөсөн. Бурмыг ямар хэмжээгээр уух вэ?

-Өдрийн цагийг хий, шар, бадганын цаг гэж хуваадаг. Хийн цагт  буюу 5-7 цагийн хооронд  хүмүүс ихэвчлэн босдог тэр үедээ эсвэл зүгээр өдрийн цагт бурам амтагдах төдий хэт нялуун биш найруулж уувал зүгээр.

Мөн өглөө өлөн үедээ чигчий хурууныхаа эхний үетэй тэнцүү хэмжээтэй шар тос ууж хойноос нь аяганы тал халуун бүлээн ус уухад хийг бас сайн дарж өгдөг. Шар тос хийг дарна, хөгшрөлтөөс сэргийлнэ. Судасны ханыг хатууруулахгүй, арьс чийглэг зөөлөн болгоно. Зөв хэрэглэвэл үс хуурайших хагтах нь ч арилдаг. Хоёр чих, гарын алга, хөлийн ул, хүзүүний овгор яс,  хөхний голд, толгойн орой, ахар сүүлний хэсэгт шар тосноос багахан авч халуу оргитол илж байвал хийн өвчинд тустай. 

-“Хийтэй хүн” гэж ярьдаг. Энэ хийтэй холбоотой ойлголт  уу?

-Холбоотой шүү дээ. Зүрхэнд хий орших өвчин гэж бий. Зүрх долгисох өвчин гэдэг. Тэр нь хүндэрсэний шинж. Эхний шинж тэмдэг нь санаа зовомтгой болно. Сэтгэл гутралд орно. Юу ч таалагдахаа болино. Хүндэрч зүрхий хийтэй гэж яриад байгаа шиг учир нь олдохгүй ааш гаргадаг.  Өөрийгөө гаргаж илэрхийлж чадахгүй галзуу солиотой хүн шиг болдог. Сүүлдээ жинхэнээсээ сэтгэцэд нь нөлөөлж эхэлдэг.  

 

- Сурталчилгаа -spot_img

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img