2024-07-23, Мягмар
13 C
Ulaanbaatar

Таблеттай хүү

Мөнх тэнгэрийн дор мянга мянган хавар
Монголын сайхан оронд жил жил дэлгэр
Энх улирал ханхлахад хүний сэтгэл тэнэгэр
Өвсний соёо ногоороход морь мал ханагар…

Төлийн дуу цангинасан малчны гэрт нэгэн хүү үдэш орой шүлгээ ийн чангаар уншиж цээжлэх ажээ. Ойр орчимд яваа хэнд ч түүний цовоо дуу сонсогдоно. Энэ жил тавдугаар ангиа дүүргэх Б.Бат-Амгалан хүү өмнөө дэлгэсэн таблетаас шүлгээ үе үехэн харах нь өхөөрдөм. Түүний төрсөн өдрөөр ээж нь энэ таблетийг бэлгэлсэн гэнэ. Хүүгийн хувьд орчин үеийн гайхалтай технологийн ид шидийг мэдэрсэн гайхалтай цаг мөч тэр байв.

Өвлийн шалгалт эхлэхийн өмнөхөн багш нь ийм таблет дэлгээд даалгавар өгч байсан нь тэрхэн зуур санаанд нь буулаа. “Багш аа, энэ юунаас бүтсэн юм бэ гэсэн түүний сониучирхсан томоогүй асуултад, газрын ховор элементээс” хэмээн товчхон хариулаад өнгөрсөн билээ. Түүнээс хойш хүүгийн ертөнцийг танин мэдэх гэсэн асуулт бүр ямар нэг хэмжээгээр “газрын ховор элемент” хэмээх урьд өмнө огт сонсож байгаагүй зүйлтэй холбогдох болсон аж.

Ирж яваа цагийн өнгө хөдөө нутагт гэрэлтэй, гэгээтэй. Жаврын үзүүр уярч цагийн сайхан наашилсныг малчин Д.Батдоржийн хаваржаан дахь эгэл амьдралын төрх илтгэнэ. Улаанбаатар хотоос 100 гаруй километрийн зайд Архустад нутаглах тэднийх ойрдоо зочдын хөл хөдөлгөөн ихтэй байгаа гэнэ.

Биднийг яриа үүсгэх зуур гэрийн эзэн “Одоогийн хүүхдүүдийн хэрэглээ их өөр болжээ. Бидний үед одоо энэ нэрлээд байгаа ухаалаг утас гэдгийг зүүдлээ ч үгүй явжээ. Анхандаа би ухаалаг утас гэхээр нь яг юу хэлээд байгаа юм бол гээд гайхдаг байлаа. Сүүлдээ би өөрөө ч нэг хэрэглэгч нь болсон” хэмээн Батдорж ийнхүү инээмсэглэн өгүүлэв. Түүний хоёр хүүхэд Iphone, Samsung гээд брэнд гар утасны хэрэглэгчид.

Орчин цагийн интернэтийн өргөн сүлжээтэй малчин өрхүүд Монголд олон. Гэрээсээ дэлхийн аль ч өнцөг буланд өрнөж байгаа мэдээллийг гэрээсээ хялбархан олж уншаад, хэрэгтэйг нь амьдрал ахуйдаа нэвтрүүлдэг болсоор удаж байна. Д.Батдоржийнх тэдний нэгэн адил гэр интернэттэй. “Таблеттай хүү”-гийн хувьд энэ мэдээж сайхан боломж. Аавынх нь саяхан худалдаж авсан приус суудлын машины эд ангиуд газрын ховор элементээс бүрдсэнийг хүү тал бүрээс нь судлаад мэдчихэж. Бидний нэрлэж заншсан цэнэг хураагуур буюу аккумлятор гэрийнх нь баруун хойно байрлах авдрынх нь хажууд харагдана. Гар утас, таблетаа эндээс цэнэглэчихнэ. Д.Батдоржийн гэрийн гадна байрлах нарны зайн хураагуур гэрийнх нь гэрэл түгээх гол эрчим хүч. Өдөртөө нарны эрчим хүчээр цэнэглэгдсэн зай хураагуурын тусламжтайгаар тэднийх шөнөдөө гэрэлтэй, цахилгаантай. Тийм болохоор ч Б.Бат-Амгалан хүү өөрт байгаа гар утас, талбет гээд нэн шаардлагатай төхөөрөмжүүдээ төвөггүй хэрэглэж чадаж байгаа нь орчин цагийн Монгол хүүхдүүдийн нэгэн гайхалтай төлөөлөл болжээ.

Улаанбаатар хотоос зорин очсон бид Д.Батдорж, тэдний гэр бүлийнхэнтэй яриа хөөрөө өрнүүлэхдээ аль хэдийнэ шинэ мэдээлэл авчихсан байхыг хараад гайхах зүйлгүй байлаа.

эрдэс баялаг

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img