2024-07-17, Лхагва
26 C
Ulaanbaatar

Оюу толгой нээгдэж Монгол “моод”-нд орсон жилүүдэд ямар үйл явлууд өрнөв?

Манай сайт Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч асан, металлургийн инженер Н.Алгаагийн нийтлэлүүдийг цувралаар хүргэж байна. Түүний нийтлэлээс уншигч та Монголын уул уурхайн 90-ээд оноос өнөөдрийг хүртэлх анхаарал татсан түүхүүд, уул уурхайн салбарт тулгамдаж буй асуудлууд, уул уурхайн эдийн засаг, нийгэмд үзүүлж буй нөлөөлөл гэх мэт энэ салбартай холбоотой сонирхолтой өнцгүүдийг олж харах болно. Тэрээр "Монголын уул уурхай ухрах уу, урагшлах уу" номын зохиогч юм.

Түрүүчийг ЭНД дарж уншина уу.

2000-2004 он: Газрыг хувьчилж эдийн засгийн эргэлтэд оруулсан, мянганы замын бүтээн байгуулалтыг эхлүүлж, ОХУ-д төлөх Их өр тэглэсэн он жилүүд байлаа. МАХН-ын дийлэнхи олонхын Засгийн газар байгуулагдав.

Гол үйл явдал:

  • Оюу толгойн зэс алтны орд нээгдэв.
  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль батлагдав.
  • Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн үйл ажиллагаа идэвхжив.
  • “Гар аргын ашигт малтмал олборлолт” зөвөлгөөнийг үндэсний хэмжээнд зохион
    байгуулав.
  • “Дисковер Монгол 2003” уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын Олон улсын
    чуулга зохион байгуулагдав.
  • Монгол улс анх удаа нүүрс экспортлов.
  • 2000 оны УИХ-ын сонгуульд МАХН дийлэнх олонхын суудал авч ялалт байгуулан Засгийн газраа байгууллаа. Засгийн газрын бүтэц шинэчлэгдэж М.Энхсайханы засгийн газарт геологи, уул уурхайн асуудал хариуцаж байсан Хөдөө аж ахуй үйлдвэрийн яам, Н.Энхбаярын засгийн газрын үед Худалдаа, аж үйлдвэрийн яам болж нэр нь солигдов.

ДУРСАМЖ:

Яамнаас Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах санал гаргалаа. Хувь заяаны төөргөөр би тэр үед (2000 оны 12 дугаар сар) Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн Гүйцэтгэх захирлаар томилогдсон тул хүссэн ч, эс хүссэн ч Ашигт малтмалын тухай хууль болон бусад бодлогын асуудлаар ассоциацийн гишүүдийн эрх ашиг, сонирхолыг төлөөлж ажиллах шаарлагатай болов. Үйлдвэр худалдааны яамны ажлын хэсэг Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулж эхэлсэн боловч явсаар байгаад шинэчилсэн найруулгын (хуулийн зүйл заалтын агуулга өөрчлөгдөх, зүйл заалт нэмэгдэх хасагдах, эсвэл бичвэрийн 60 хувиас дээш нь өөрчлөгдөх) түвшинд хүрсэн юм. МУУҮА хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд гишүүдээс санал аван нэгтгэж ажлын хэсэгт хүргүүлэх ажлыг зохион байгуулахын хамт Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт хийх гэж байгаатай холбогдуулан гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, засгийн газрын байгууллагуудын төлөөлөгчдийн дунд бага хурал-хэлэлцүүлгийг Нүхтэд зохион байгуулсан билээ.

Хуралд илтгэл тавьсан олон улсын судлаач 1997 оны хуулийг Азид хамгийн тэргүүний, дэлхийд бол өрсөлдөх чадвартай сайн хууль гэж дүгнэлт хийсэн байдаг. Удалгүй тухайн үеийн ерөнхий сайд Н.Энхбаяр хуулийн шинэчилсэн найруулгын төслийг зогсоосон юм. Ингээд 2001 оны эхээр Ашигт малтмалын тухай хуульд цөөхөн хэдэн нэмэлт өөрчлөлт оруулаад нэг хэсэг уг хуулиар оролдохоо болж тогтвортой байв.

Оюу толгойн зэс алтны орд нээгдэв

1998 онд ашигт малтмалын үнэ хамгийн доод түвшиндээ хүртэл унаж дэлхийн хэмжээнд хайгуулын ажилд зарцуулах хөрөнгө илэрхий багасч, үндэстэн дамнасан олон корпорциуд гадаад орнууд дахь офиссоо хааж эхлэв. Манайд эрдэс баялгийн салбар дахь үндэсний компаниуд томорч амжаагүй байсан тул тэр үеийн үнийн уналтын мөчлөгийг бараг мэдрээгүй билээ. Мэдэрсэн нь Эрдэнэт үйлдвэр байв. Үндэсний алтны компаниуд олборлоход хямд зардалтай шороон ордууд ашиглах үйл ажиллагаа явуулж байсан тул алтны үнийн уналт тэдгээрт хүчтэй нөлөөлөхгүй байв. Монголд үйл ажиллагаа явуулахаар орж ирсэн Би Эйч Пи, Рио Тинто зэрэг үндсэн дамнасан корпорациуд монгол дахь оффисоо хаав.

Монголоос гарахын өмнө Би Эйч Пи компани Оюутолгойн орд дээр хайгуулын өрөмдлөг хийж байсан ба Монголоос гарахдаа Оюутолгойн лицензийг Канадын Айвонхоу Майнз компанид “опцион хэлцэл”-ээр шилжүүлсэн юм билээ.

“Опцион хэлцэл” (Option Agreement) гэж хайгуулын лиценз эзэмшигч лицензээ шилжүүлж, эсвэл шилжүүлэхгүйгээр өөр этгээдээр өөрийнх нь зардлаар хэлцэлд тохиролцсон хугацаанд хайгуул хийлгэж, орд нээгдсэн тохиолдолд, уг ордын ихэвчлэн 30 хувиас ихгүй хувь эзэмших, эсвэл олборлолт хийж борлуулахдаа тодорхой хувь хэмжээгээр рояльт төлөх болзолт хэлцэлийг хэлдэг.

ДУРСАМЖ:

2000 оны 10 дугаар сард Айвонхоу Майнзын геологийн анги ажлаа зогсоохоор бэлдэж байх үед Монголын геологич Ц.Гарамжав гуай болон канадын геологич Чарли Форстер хоёрын заасан цэгт 400 метр хүртэл гүнд хамгийн сүүлчийн өрөмдлөгийг хийж Оюу толгойн зэсийн хүдрийн биетийг олсон түүхтэй.Геологийн ангиа буулгахаа больж, хүч нэмэн өвөлжин өрөмдлөг явуулсаны үр дүнд том орд нээгдэх нь илт болсон юм.

Фрийдланд Монголын говьд зэс-алтны том орд нээгдлээ гэж дэлхий даяар хүчтэй сурталчилж эхлэв. Уул уурхайн хувьд Монгол моодонд орох болов.

2001 оны 3 дугаар сард Канадын Торонто хотод болдог дэлхийн хэмжээний эрдэс баялгийн том хурал, үзэсгэлэн (PDAC)-д түүхэнд хамгийн олон хүнтэй манай улсын төлөөлөл оролцсон бөгөөд Айвонхоу Майнз компани тэр хурлын үеэр 65 сая канад долларын санжүүжилт босгож байж билээ.

ЭРГЭЦҮҮЛЭЛ:

Тухайн үед Өмнөговьд Оюу толгойн ийм орд нээгдлээ гэхэд олон хүн, түүний дотор манай салбарын хүмүүс хүртэл эхлээд үнэмшихгүй, худлаа хэлж байгаа байх гэж байж билээ. Зарим нь том орд олсон нь үнэн бол Фрийдланд түүнийгээ хятадад худалдана даа гэсэн таамаг дэвшүүлцгээж байсныг сонсож байлаа. Фрийдландын энд тэнд хэлсэн ярьсаныг бас чих дэлсэж явлаа. Фрийдланд энэ төслийг заавал Монголд өөрөө оролцож хэрэгжүүлнэ, хятадад худалдахгүй гэж ярьдаг гэдгийг ч сонссон юм байна.

Ер нь ийм хэмжээний том төслийг жижиг компани дангаараа хэрэгжүүлж чаддаггүй, олон улсын санхүүгийн байгууллагуудаас санхүүжилт авч чаддаггүй гэдгийг бид мэддэг л байсан даа. Тиймээс ямар нэг үндэстэн дамнасан том корпорацид худалдах, эсвэл хамтарч ажиллах нь тодорхой байсан, харин тэр компани нь Рио Тинто нь байх нь уу, Би Эйч Пи нь байх нь уу, аль эсвэл өөр компани байх нь уу, тухайн үед тааж мэдэхийн аргагүй. Гэхдээ л дээрх хоёрын аль нэг нь гэдэг бараг ойлгомжтой байсан юм. Учир нь Оюу толгой нээгдсэний дараа хоёулаа Монголд буцаж ирсэн билээ. Түүнээс гадна тэд Чили улсын Эскондидагийн зэсийн ордыг ашиглахад хамтран ажилладаг компаниуд билээ.

Би Эйч Пи ба Айвонхоу Майнзын хооронд байгуулсан дээр дурдсан “Опцион хэлцэл”-н агуулгыг би мэдэхгүй ч гэсэн Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах хэлэлцээр явагдаж байхад Би Эйч Пи -д рояльт төлөх асуудал сөхөгдөж байсан гэж сонссон юм

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль батлагдав

2001 онд батлагдсан Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль бол Ашигт малтмалын тухай хуультай зэрэгцэн ашигт малтмал хайх, ашиглах харилцааг зохицуулахад үйлчилж эхэлсэн хуулиудын нэг нь юм. Эрх зүйн ойлголтоор бол 1997 онд батлагдсан Ашигт малтмалын тухай хуулиар лиценз гэж тодорхойлсон “… ашигт малтмал хайх, … олборлох эрхийг” олгож эхэлсэн тусгайлсан (тусгай анги) зохицуулалттай хууль байлаа. Харин Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль нь “тусгай зөвшөөрөл”-ийн талаар ерөнхий (ерөнхий анги) зохицуулалттай хууль гэж үзэж болно.

ЭРГЭЦҮҮЛЭЛ:

Ерөнхий зохицуулалттай хуульд нь “лиценз” гэдэг нэр томъёо байхгүй, харин тусгай зөвшөөрөл гэдэг нэр томъёо хэрэглэсэн бөгөөд түүнийг “ … тусгай зөвшөөрөл гэж … тодорхой төрлийн аж ахуй эрхлэн явуулах эрхийг …хуулийн этгээдэд эрх бүхий байгууллагаас олгосон албан ёсны баримт баримт бичгийг” хэлнэ гэж тодорхойлжээ. Дээрх хоёр хуульд байгаа нэр томъёог тогтож уншаад тунгааж бодвол “эрх” гэдэг нь агуулга юм байна, “баримт бичиг (гэрчилгээ)” гэдэг нь уг эрхийн албажсан “хэлбэр” нь юм байна гэж ойлгохоор байна. Хуульд агуулгыг нь биш хэлбэрт нэгдүгээр зэргийн ач холбогдол өгөөд хуулийн нэр томъёо болгож хэрэглээд байхаар хэлбэрийн цаана агуулга нь бүдгэрээд заримдаа бүр харагдахаа больчихож байгаа учраас дурдагдсан эрх нь хамгаалагдахгүй байна даа.

Түүнээс гадна хуульд хэрэглэсэн нэр томъёог монгол болгож уншвал “тусгай зөвшөөрөл гэж … албан ёсны баримт бичгийг” хэлнэ гэж уншигдаж байна. Тэгээд ч “албан ёсны баримт бичиг” гэж ямар баримт бичгийг хэлэх вэ? Эсвэл “албан бус баримт бичиг” гэж бас байна уу гэдэг асуулт гараад байна.

Монгол улсын шинэ үндсэн хуульд заасан хүний эрх, хувийн өмч ба өмчийн эрхийг аливаа халдлагаас хамгаалах ёстой шүүх нь ихэнх тохиолдолд төрийн халдлагыг зөвтгөж шийдвэр гаргаж байгаа өнөө үед бид хэлбэрдэж болмооргүй байна. Тэр бүү хэл хууль хүртэл гаргаад хувийн өмчид халдаж чадаж байна шүү дээ.

Тухайлбал, төрийн албан тушаалтан албан тушаалаа урвуулан ашигласан эрүүгийн гэмт хэргийг шүүх явцад хүчингүй болгосон 106 тусгай зөвшөөрөл, ҮАБЗ-ийн нууцын зэрэглэлтэй албан тоотыг үндэслэн цуцалсан тусгай зөвшөөрөл, мэргэжлийн хяналтын
байцаагчийн дүгнэлтээр цуцалсан тусгай зөвшөөрөл гэх мэт. Сүүлчийн тохиолдолд Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөлийн тухай хуулийн заалтыг үндэслээд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгочихож байна. 2006 оны Ашигт малтмалын тухай хуульд тусгай зөвшөөрөл цуцлах таван үндэслэл бий, хүчингүй болгох ямар ч заалт байхгүй. Гэтэл Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн хуулийн 14.1.4. –д “тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаарлагыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” тохиолдолд хүчингүй болгоно гэсэн заалтыг үндэслээд цуцлаад байдаг. Тусгайлсан зохицуулалттай Ашигт малтмалын тухай хуульд тусгай зөвшөөрөл цуцлах 5 үндэслэл тогтоочихоод байхад шүү.

Сүүлийн жилүүдэд Ашигт малтмалын тухай хуулийн тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэлийг нэмэлт өөрчлөлт оруулах замаар нэмсээр байгаад одоо бараг арав гаруй болсон байна. Тэгэхлээр тусгай зөвшөөрөл хүчингүй болгох асуудал нь илүү их субъектив үндэслэлтэй, албан тушаалтны дур зоргын асуудал болж хувирч болох эрсдэл өндөртэй болж байна. Үүнээс л авилга, хээл хахууль буй болох хөрс бий болно. Хамгийн сүүлийн жишээ гэхэд Салхитийн мөнгөний ордын тусгай зөвшөөрлийг татварын хууль тогтоомж зөрчиж татвар төлөөгүй гэсэн үндэслэлээр цуцалсан байдаг. Цуцлагдсан тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар өөр этгээдэд олгох хуулийг зөрчиж төрийн өмчтэй компанид тусгай зөвшөөрлийг олгосон нь хөрөнгө оруулагчдийг ихээхэн болгоомжлуулах болсон юм.

Ер нь тэгээд аль хуулийг мөрдөх ёстой юм бэ? Ерөнхий зохицуулалттай болон тусгай зохицуулалтай хуулийн заалтууд хоорондоо зөрчилтэй байвал алиныг мөрдөх ёстой юм бэ? Хуульчид үүн дээр (гэхдээ шүүгчид биш шүү) хоёр хуваагдаад байдаг бололтой юм билээ. Нэг хэсэг нь тусгайлсан зохицуулалттай хуулийн заалт хэрэглэнэ, нөгөө хэсэг нь сүүлд батлагдсан хуулийн заалт хэрэглэнэ гэх.

2001 онд Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль батлагдан гарч уг хуульд заасны дагуу орон нутгаас санал авдаг болсоноор орон нутгийн захиргаа хүнд суртал гаргах нь ихэсч авлига хээл хахууль газар авч эхэлсэн юм. 2006 оны Ашигт малтмалын тухай хуульд дээрх санал авах асуудлыг илүү нарийвчлан зохицуулсан боловч байдал дээрдээгүйгээр өнөөдрийг хүрлээ.

Үргэлжлэл бий.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img