2024-10-08, Мягмар
5 C
Ulaanbaatar

Үерийн улмаас эвдэрсэн гүүрэн байгууламжуудыг сэргээн засварлахад Засгийн газрын нөөц сангаас хөрөнгө гаргана

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны долдугаар сарын 26-нд болж 10 гаруй асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

Үерийн улмаас эвдэрсэн гүүрэн байгууламжуудыг сэргээн засварлахад Засгийн газрын нөөц сангаас хөрөнгө гаргана

Цаг агаарын аюулт үзэгдэл, үерийн улмаас учирсан хохирлыг арилгах, хойшлуулашгүй сэргээн босгох чиглэлээр Баян-Өлгий, Сэлэнгэ аймгийн Онцгой комиссоос Улсын онцгой комисст ирүүлсэн хүсэлтийг үндэслэн Засгийн газрын нөөц сангаас хөрөнгө гаргахыг Сангийн сайд Б.Жавхланд зөвшөөрлөө.

Баян-Өлгий аймгийн хэмжээнд зургаадугаар сарын 10-12-ны өдрүүдэд цаг агаарын хэт халалтын улмаас уулархаг бүсийн цас ихээр хайлж Ховд, Сагсай, Булган, Буянт, Турган, Чихэртэй, Ганц мод, Цагаан гол, Согоог, Хар бутны зэрэг голын усны түвшин эрс нэмэгдэж, үерийн аюултай түвшинд хүрсэн. Үүний улмаас модон 7, төмөр бетон 1 гүүр үерт өртөж, дахин ашиглах боломжгүй болжээ. Иймд уг гүүрүүдийг сэргээн засварлахад Засгийн гарын нөөц сангаас хөрөнгөгаргахаар болов. Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Хараа голын гүүрийг сэргээн засварлах төсвийг шийдвэрлэлээ.

Нийслэлд үргэлжлэн орсон борооны улмаас “Сэлбэ”голын далан зарим газраараа сэтэрч, яаралтай сэргээн засварлах ажил үргэлжилж байна. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар цаг агаарын мэдээллийг цаг тухай бүрт нь олон нийтэд өгч, болзошгүй аюул, эрсдэлээс сэргийлж ажиллахыг Улсын онцгой комисст үүрэг болголоо.

Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлнэ

Засгийн газрын 2022 оны “Нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах зарим арга хэмжээний тухай”, 2023 оны “Ерөнхий боловсролын сургуулийн ачааллыг бууруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хэсгийг Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар байгуулан ажиллаж байна. Ажлын хэсэг нийслэлийн хэмжээнд 3 ээлжээр хичээллэх эрсдэлтэй 47 сургуулийн 33 гаруй мянган хүүхдийг эрүүл, аюулгүй орчин суралцуулах, ачаалал өндөртэй 27 хорооны 26.8 мянган хүүхдийг цэцэрлэгт хамруулах асуудлыг судлан, шийдвэрлэх юм.

Засгийн газрын хуралдаанаар цэцэрлэг, сургуулийн хүртээмж, ачааллыг бууруулах талаар салбарын яамнаас авч хэрэгжүүлж буй ажлын явцын мэдээллийг сонсоод Барилгын тухай хуульд заасны дагуу холбогдох журмыг боловсруулж батлах, хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэх Засгийн газрын тогтоол боловсруулж, хэлэлцүүлэхийг Сангийн сайд Б.Жавхлан, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нар даалгалаа.

Зөвшөөрлийг цахим хэлбэрт шилжүүлж, хуульд өөрчлөлт оруулна

“Макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2023 оны 233 дугаар тогтоолоор даалгасан Тусгай зөвшөөрлийн нэгдсэн санг цахим хэлбэрт шилжүүлж, төрийн үйлчилгээний нэгдсэн системд холбох ажлыг эрчимжүүлэх хүрээнд хийж буй ажлын явцыг Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.

Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон И-Монгол академи УТҮГ-аас хийсэн судалгаагаар нийт 249 тусгай зөвшөөрөл олгож байгаагаас тухайн байгууллага өөрийн системээр 134, И-Монгол системээр 6, www.license.mn системээр 24, уламжлалт буюу цаасан хэлбэрээр 85-ыг олгож байна.

Тусгай зөвшөөрлийн нэгдсэн санг цахимжуулах ажлын хүрээнд цаасан хэлбэрээр олгож буй 85 зөвшөөрлийг цахим хэлбэрт шилжүүлэх системийн бодлогын даалгаврыг бүрэн хийж дуусгасан, Зөвшөөрлийн нэгдсэн сангаас тусдаа буюу тухайн байгууллага өөрийн системээр олгодог 134 зөвшөөрлийг холбох техникийн зураглалыг гаргаж, системийн шаардлагыг боловсруулж дуусчээ.

Зөвшөөрлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт туссан 249 тусгай зөвшөөрлөөс цахимд шилжээгүй 85 зөвшөөрлийг цахимжуулах ажлыг эрчимжүүлэх хүрээнд холбогдох хууль, тогтоомж, журам, дүрэмд өөрчлөлт оруулах, төрийн үйлчилгээний нэгдсэн системүүдэд холбох, системийг сайжруулах талаар холбогдох арга хэмжээ авахыг Засгийн газрын гишүүд, холбогдох албан тушаалтанд даалгалаа.

Товч мэдээ

  • “Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэх явдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор татварын гэрээтэй холбоотой арга хэмжээг хэрэгжүүлэх тухай олон улсын конвенц”-ыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцээд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр боллоо.
  • Олон улсын авто замаар ачаа, зорчигч тээвэрлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Болгар Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжээд, тус хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтов.
  • Монгол Улс дахь эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, үнийн өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг танилцууллаа. Үүнтэй холбогдуулан гадаад улс орны үйлдвэрлэгчээс эсхүл олон улсын байгууллагын шууд болон дамжуулан худалдан авалт хийх журам, энэ харилцааг зохион байгуулах бүтцийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг нарт даалгалаа.
- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img