2024-07-24, Лхагва
16 C
Ulaanbaatar

“Анимэ киноны амьд домог” 82 настан дахин Оскар хүртлээ

Манай сайт "Дэлхийн орнуудын өндөр настнуудын амьдралаас" гэсэн булан нээж цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа анимэ киноны амьд домог хэмээн шагшигдсан Хаяао Миязакиг онцолж байна.

Дани улсын зохиолч Ханс Кристиан Андерсенийг үлгэрийн их хаан гэдэг. Харин орчин цагийн Андерсон бол Японы хүүхдийн зохиолч, хүүхэлдэйн киноны найруулагч, манга номын зураач Хаяао Миязаки. Түүнийг “Анимэ киноны – Амьд домог” хэмээн хүндэтгэн нэрлэж, киног нь дэлхийн сая сая хүүхэд залуус дурлан шимтэн үздэг. Өдгөө 82 нас хүрч яваа тэрээр өнгөрсөн жилийн 7 дугаар сард “Хөвүүн ба Хөх дэглий” хэмээх гайхалтай кино зохиол бичиж, чадвар, туршлагаа гайхуулан найруулж тавьсан нь дэлхийн дахины сонирхлыг ахин ихээр татсан юм. Түүний энэ кино өнөө жилийн Оскарын шагналыг хүртлээ.

“Хөвүүн ба Хөх дэглий” кино дэлхийн олон арван орнуудад хит болж 136 сая ам.долларын орлого олжээ. Хаяао Миязаки “Шинэ он гарахтай яг зэрэгцэн эх оронд минь гамшигт газар хөдлөлт, айхтар том осол эндэгдэл боллоо. Хэцүү хүнд энэ өдрүүдэд ирсэн Оскарын шагнал маань эх орон нэгтнүүдэд минь бага боловч инээмсэглэл авчрах болов уу гэж итгэж байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм. Тэр 2001 онд “Сүнсээр туугдагсад” киногоороо анхны Оскараа авч байв.

Түүний Оскарын шагнал авсан уг кинонд дэлхийн II дайны үеийн үйл явдал гарна. Жаахан хөвүүн ээжийгээ алдсаны дараа нууцлаг ер бусын хөх дэглий шувуутай учирснаар кино эхэлдэг юм.

Хаяао МиязакиХүүхэлдэйн кино ихэнхдээ гүн гүнзгий утга сэдэвтэй байхаасаа илүү энгийн инээдтэй үйл явдалтай байдаг. Тэр утгаараа бараг л хөгжим дуугарч кино эхэлмэгц л төгсгөл нь тодорхой болж ирдэг. Хөгтэй бүтэлгүй явдлаар дүүрэн, нэг нэгнээ элдэж хөөсөн үйл хөдөлгөөнөөр дүүрэн байх нь элбэг.

Тэгвэл Миязакийн кино огт ондоо, Японы уламжлалт анимэгээр дагналгүйгээр өрнөдийн зургуудтай маш чадварлаг уран сайхнаар хосуулж, үйл хөдөлгөөнийг гайхалтай амилуулж харуулдаг. Түүний хүүхэлдэйн кино дуу алдмаар гоё өнгө будгийн шийдэлтэй, үйл явдал нь амьсгал түргэсгэж догдлом. Түгшиж, баярлах, ер зүрх булгилуулсан явдлаар дүүрэн гэдгээрээ онцгой ялгардаг. Амьдралын сайн муу, сайхан муухайг бүгдийг ухааруулсан хүчтэй, сэттгэлийг ховсдон татах увидастай гэж сая сая үзэгдчид нь дуу алддаг.

Өтгөн хар хөмсөг, өргөн хар хүрээтэй шил, мөнгөн буурал сахал, дэгжин засалттай үстэй эрхэм урт хормогч углачихаад, амандаа тамхи уугиулан зурж суухыг харсан хэн ч ная гарсан гэдэгт нь итгэмгүй.

Миязакид бас нэгэн алдар бий. Дэлхийн хүүхэлдэйн киноны “Залгалмайлсан Эцэг” гэдгээр нь мэдэх хүн маш олон. Түүний тухай нэвтрүүлэг, мэдээлэл түгээдэг ВВС тэргүүтэй хэвлэлийн томоохон газрууд энэ тодотолыг нь онцгойлдог юм.

Хаяао МиязакиТокио хотын уугуул хүү Миязакийн амьдрал их сонин. Дэлхийн II дайн ид өрнөж байх үе, 1941 оны 1 дүгээр сарын 5 нд төрж. Дайны хүнд жилүүдэд аав нь Японы армийн байлдааны довтлох онгоцны эд ангийг үйлдвэрлэх хэсгийг ажилуулж байжээ. Цаас харандаа барьсан жаахан хүү аавыгаа даган онгоц харж, зурж эхэлснээр насан туршынхаа амьдралаа зурагтай холбосон түүхтэй.

Миязаки их жаахан дөрөв орчим настай байхдаа жигтэйхэн айж байснаа одоо ч тодхон санадаг гэнэ. Дайн хараахан дуусаагүй үед, нэгэн өдөр гэнэт агаарын аймшигт бөмбөгдөлт болжээ. Амиа аврах гэж сандарсан хүмүүс бужигналдан гүйхэд ээж нь түүнийг тэврэн унан тусан гүйж гэрийхэнтэйгээ төмөр замын гүүр дор орцгоосон аж. Ээж нь түүнийг бөмбөгний хэлтэрхийд оногдохоос айж байдгаараа хамгаалж, дэр хөнжил гудсаар дээрээс нь битүүлэн овоолжээ. Төд удалгүй жаахан Миязаки өнөөх хөнжил гудсанд дарагдаад хөдөлж ч чадахгүй, амьсгалж ч чадахгүй болчихож. Хамаг хөлс нь цутгаж, бүтэж үхдэгийн даваан дээр агаар амьсгалж амь гарсан гэдэг.Урам зориг өгч, үргэлж дэмждэг байсан ээжийгээ тэрээр дурсах дуртай.

Хүн буудуулан үхэж байхыг харсан жаахан хүү дайн гэгч ямар хэрцгий, аймшигтай муухай, утгагүй болохыг зүрх сэтгэлээрээ мэдэрч өсчээ. Миязаки дайны эсрэг үзэл бодолтой, дайн дажин нь хүмүүний хамгийн тэнэг мунхаг үйлдэл хэмээн буруушаадаг нэгэн.

Хаяао МиязакиТэрээр улс төр эдийн засгийн ухаанаар сурч 1963 онд их сургууль төгссөн ч ажлынхаа гараагаа тэс өөр салбараас эхэлсэн юм. “Toei Animation” хэмээх японы хүүхэлдэйн киноны нэртэй компанд ажилд орж, 60, 70, 80 онуудад гарч байсан олон арван сайхан анимэ кинонууд дээр ид ажиллаж байж. Бусдаас тэс өөрөөр сэтгэдэг, авьяаслаг бүтээлч болох нгь түүний татсан харандааны зураас болгоноос шууд мэдэгдэж байсан гэдэг.Ид ажилдаа шамдан ажиллах үед ч Миязакигийн толгойд тун этгээд сонин, ер бусын сайхан зохиолын санаа бодлууд эргэлдэн ундарч, цээжинд нь багтаж ядан байжээ.

Ингэж явсаар тэрээр 1979 онд хамгийн анх “Каглиострогийн цайз” гэдэг эрдэнэсийн эрэлд мордож дэлхийг тойрсон адал явдлаар дүүрэн хүүхэлдэйн киногоо цуврал манганаас сэдэвлэн хийсэн түүхтэй. Эцэст нь 1985 онд, Миязаки олон жил, ёстой л дөрөө харшиж, ганзага нийлж ажилласан анимэ хүүхэлдэйн киноны гурван мундаг Миязаки, Исао Такахато, Тошио Сузуки нартайгаа хамтран “Жибли” хэмээх студийг нээсэн юм. Жибли гэдэг нь цөлийн халуун салхи гэдэг үгээс гаралтай агаад ийм нэртэй онгоцыг бодож өгсөн нэр аж.

Энэ үеэс л Миязаки чадварлаг кино найруулагч, продюсер, зохиолч, манга зураачийн жинхэнэ чадвар чансаагаа харуулж эхлэв. Түүний кино бүтээлүүд Японд төдийгүй бүх цаг үеийн хамгийн шилдэг хүүхэлдэйн кино, гайхамшигт бүтээлүүд болжээ.

Хаяао МиязакиМиязаки нийтдээ 12 кино бүтээсэн нэгэн. Бүгд л өөр өөрийн сэтгэл булаам үйл явдал, утга учиртай түүх, дүртэй. Түүний ер бусын төсөөлөл нь хүүхэд төдийгүй насанд хүрэгчдийн сэтгэлийн утсыг хөндөж чаддаг юм.

Японы NHK телевизээс түүний ажил амьдралыг 10 жилийн турш даган бичлэг хийснээ баримтат кино болгон цувралаар гаргаж эхэлжээ. NHK-гийн дуранд Миязакигийн нэг өдөр хэрхэн буусныг сонирхуулъя. Тэр өглөө бүр цох хэлбэртэй дэгжин машинаа унасаар яг тогтмол цагт ажилдаа ирж хөшигөө нээн кофегаа ууж, тамхиа баагиулан суугаад зурж эхэлнэ. Хамгийн хачирхалтай нь Миязаки интернет огт хэрэглэхгүй. Тэр бүү хэл компьютер, DVD аль ч байхгүй. Залуудаа ведио бичлэг хийдэг байснаа бараг мартсан, хаа нэгтээ л зурагт хардаг болж. Нийт хэдэн харандаа, будаг хэрэглэсэн тоогоо алдсан ч, өдөртөө 30 ширхэг тамхи татдаг гэнэ. Тамхиа багасаач гэж эхнэрийгээ хэлэхэд нь “Зүгээрээ, миний аав ээж хоёр жинхэнэ тамхичид байлаа. Манан хүдэн буусан мэт уугиулдаг байсан ч уушгины хавдраар үхээгүй. Жилдээ нэг удаа уушигны зургаа харуулдаг зүв зүгээр л байнадаг” хэмээнэ.

Хаяао МиязакиТэр 70 ажилчнаараа 100 минутын хүүхэлдэйн киноны 170.000 зургийг зургаан сар гараар зуруулдаг байж. Миязаки “Кино хийх миний зорилго биш юм аа. Надад залуухан сайхан, миний насны таван найз охид байдаг юм. Бид хэд нийлж аваад зуны дэлгэр цагт уулын бяцхан байруудад очиж амардаг. Тэр хэдийгээ л зугаацуулах гэж л би кино хийдэг хүн байгаа юм” гээд хөгжилтэйхэн инээдэг аж. Он удаан жил ажиллахдаа дөрвөн удаа тэтгэвэртээ гарлаа, одоо боллоо хэмээн зарласан ч төд удалгүй харандаа цаасаа барьж өчнөөн олон гайхмашигт санаа бодчихсон ажилдаа буцаад ордог түүнээс дэлхийн сая сая үзэгчид хэзээ ч уйдахгүй биз ээ.

Түүний кинонуудаас:

  • “Каглиострогийн цайз” (1979 )
  • Дэлхийг тойрсон адал явдлаар дүүрэн цуврал манганаас сэдэвлэн хийсэн кино.

Хаяао Миязаки

  • “Порко Россо” ( 1992)
    Энэ хүн дүртэй гахай бол Порко Россо. Тэр дэлхийн нэгдүгээр дайнд тулалдаж яваад хараал хүртсэнээр гахай төрхтэй болдог.
  • “Кикигийн хүргэлтийн үйлчилгээ” ( 1989)
    Кики бол хүүхдүүдийн хамгийн хайртай шулам. Хүүхэлдэйн киноныхоо санааг Японы зохиолч Эйко Каданогийн романаас авчээ. Кико шинэ хотод нүүж ирж, нисдэг шүүрнийхээ тусламжтай хүргэлтийн үйлчилгээ үзүүлнэ.
  • “Понио” ( 2008)
    “Сүнсээр туугдагсад” хүүхэлдэйнхээ дараа удаан хугацаанд чимээгүй байсан Миязаки “Понио” –г хийж мөн л шуугиан дэгдээж байв. Сосүкэ хэмээн таван настай хөвгүүн далайн хааны охин Пониотой учирч үүрд хамгаална гэж амладаг. Пониогийн хүсэл нь хүн болох билээ.

Хаяао Миязаки

  • Манай хөрш Тоторо (1988)
    Хаяо Миязакигийн алдарт бүтээлээс “Манай хөрш Тоторо”, хөдөөгийн бяцхан сууринд аав хоёр охинтойгоо нүүж ирнэ. Ээж нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буйд эгч дүүсийн сэтгэл зовних ч, тэдний зэргэлдээ Тоторо амьдарч байгаа нь гайхамшиг болдог.
  • Салхи дэгдэнэ ( 2013)
    Энэ кинонд Жиро Хорикоши хэмээх дайны үед нисэх онгоцны загвар зохион бүтээгч залуугийн түүхээс сэдэвлэн бүтээжээ
  • Хаулын явдаг цайз ( 2004)
    Залуу эмэгтэйг нэгэн шулам хөгшин эмэгтэй болгож хувиргана. Хараалыг нь тайлж чадах залуухан шидтэнтэй учирснаар үйл явдал өрнөнө.
  • Тэнгэр дэх шлтэгээн (1986)
    Шита хэмээн охин нууцлаг талстан зүүлт олсноор тэнгэрийн хаант улс Лапутатай холбогдож, талын дээрэмчид, Муска гэх зүүлтийг авахаар Шитаг мөшгөнө.

Хаяао Миязаки

  • “Мононоке гүнж” (1997)
    Үйл явдал Мүромачи эрин үеийн сүүл,байгалийн нөөцийн ашиг сонирхол дээр ойн савдгууд тэмцэнэ.
  • “Салхит хөндийн Наусика” (1984)
    Дэлхийд дайн болж сүйрлийн ирмэг дээр “Салхит хөндий” жижигхэн сууринд хүмүүсээ аврах Наусика гүнжийн тухай:
  • “Сүнсээр туугдагсад” (2001)
    Төсөөлөл, хар дарсан зүүднийг нэгтгэсэн сюрреалист бүтээл Берлиний кино наадмын дээд шагнал, 2003 онд Оскарын шилдэг хүүхэлдэйн кино шагналыг хүртсэн бүтээл.
    Чихирогийн аав ээжийг Юбаба шулам гахай болгож хувиргана. Хүү тэднийгээ чөлөөлөх бүх арга замыг хайсаар хүсэлдээ хүрнэ.

Хаяао Миязаки

  • “Хөвүүн ба Хөх дэглий”
    Махито хүү 12 настай ээжээсээ салж өнчирч үлдээд шинэ хотод амьдран суурших хэмээн зовж байхад хөх дэглий түүнтэй ярьж ээжийг нь амьд байгаа гэж итгүүлэн орхигдсон цамхагт аваачин огт өөр амьдралд оруулдаг.
- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img