2024-06-15, Бямба
14.6 C
Ulaanbaatar

Ираны Ерөнхийлөгч амиа алдав, цаашид хэрхэх вэ

Тавдугаар сарын 19-ний өдөр Иранд тус улсын Ерөнхийлөгчийн нисдэг тэрэг осолдсон талаарх мэдээлэл тавдугаар сарын 20-ны өдөр дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр тархсан юм. Ираны хэвлэлүүд энэ үйл явдлыг мэдээлэхдээ “хатуу газардсан” хэмээсэн бол барууны хэвлэлүүд “нисдэг тэрэг осолдсон” гэж мэдээлж байлаа.

Тухайн үед Ерөнхийлөгчийн тэргүүлсэн ажлын хэсэг ажлаар хоёр нисдэг тэргээр зорчиж явсан бөгөөд нэг нисдэг тэрэг амжилттай газардсан бол Ерөнхийлөгчийн нисдэг тэрэг ослын буулт хийх үедээ осолджээ. Энэ нисдэг тэргэнд түүнээс гадна Гадаад хэргийн сайд мөн нэгэн мужийн захирагч зорчиж явсан аж.

Ираны Ерөнхийлөгч Ибрахим Раиси, гадаад хэргийн сайд Амир Абдоллахиян нар ууланд нисдэг тэрэг осолдсоны улмаас амиа алдсан үйл явдал нь дэлхий дахинд ихээхэн шуугиан тарьсан юм. Үүнээс үүдэн, одоо Ираны бодлого хэрхэн өөрчлөгдөх бол гэж хүмүүс таамаглал дэвшүүлж байна. Учир нь Ираны тогтвортой байдлаас Ойрх Дорнодын төдийгүй Азийн, цаашлаад дэлхий дахины тогтвортой байдал хамаарах юм.

“Цагаа олоогүй” үхэл

Раиси бие барсан тул Ираны дээд лидерийн дэмжлэгтэйгээр дэд Ерөнхийлөгч Мохаммед Мохбер Ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэх юм. Өдгөө 69 настай Мохбер 12 дэд Ерөнхийлөгчийн дундаас хамгийн ахмад нь.

Ираны Үндсэн хуульд зааснаар Нэгдүгээр дэд ерөнхийлөгч, парламентын дарга болон Дээд шүүхийн дарга нар 50 өдрийн дотор шинэ ерөнхийлөгчийг сонгох ажлыг зохион байгуулах ёстой аж.

Үүний зэрэгцээ Ибрахим Раисигийн үхэл олон улсын харилцааны хувьд нэн “эмзэг” үед тохиосныг Нью-Йорк таймс сонин онцолсон байна.

“Америк, Ираны өндөр албан тушаалтнууд Ойрх Дорнодод илүү өргөн цар хүрээтэй сөргөлдөөн гарах аюул заналыг бууруулах зорилгоор зуучлагчдаар дамжуулан хэлэлцээр хийснээс хэдхэн хоногийн дараа ийм үйл явдал боллоо” гэж Нью-Йорк Таймс сонин онцолжээ.

Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан өнгөрсөн долоо хоногт болсон хэвлэлийн хурал дээр “Иран болон түүний итгэмжит этгээдүүд Израил, бүс нутгийн тогтвортой байдал, Америкийн ашиг сонирхолд үзүүлж буй аюул занал нь илэрхий” хэмээн мэдэгдэж байв.

Тиймдээ ч Израилыг эсэргүүцэгчид Раисигийн үхлийн ард Израилын тагнуулынхан байгаа гэж үзэж байгаа аж.

Түүний үхлийн шалтгааныг холбогдох байгууллага тогтоох зуур эрх мэдлийн шилжилт хэрхэн өрнөх талаар судлаачид үзэл бодлоо илэрхийлсээр байна.

Тухайлбал Карнеги төвийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Карим Сажапдурын үзэж байгаагаар Ибрахим Раисигийн үхэл Иранд эрх мэдлийн залгамж халааны хямрал үүсгэнэ гэж үзэж байна. “Учир нь Раиси болон Можтаба Хаменеи нар өдгөө 85 настай дээд лидер Хаменеигийн орыг залгамжлах цор ганц хүмүүст тооцогддог. Тиймээс Иранд Раисигийн үхэл санаандгүй тохиолдол байсан гэдэгт итгэх хүн цөөн байгаа юм.

Өнөөгийн лидерийн хүү Можтаба Хамениг Дээд лидерийн албан тушаалд томилвол тус улсад ард түмний дунд эсэргүүцэл өрнөж магадгүй. Түүнийг хууль ёсны гэж үзэхгүйн дээр алдар хүнд багатай тул эсэргүүцэл өрнөсөн нөхцөлд дэг журмыг сахиулахын тулд Исламын хувьсгалын харуулуудын дэмжлэгийг авахаас аргагүй болох гэнэ. Ингэснээр цэргийн дэглэм рүү шилжиж эсвэл дэглэм сүйрэх явц хурдсаж болзошгүй” хэмээн судлаач Карим Сажапдур үзэж байгаа аж.

Хамгийн хатуу, буулт хийдэггүй хүн

Ибрахим Раиси Иран дахь хатуу жанжин шугамыг баримталдаг тууштай хүмүүсийн нэг тул түүнийг бие барсны дараа тус улсад тогтворгүй байдал үүсэж болзошгүй гэж Sky News агентлаг ч үзэж байна.

Улс орныхоо түүхэнд анх удаа Израил руу шууд халдсан, хатуу жанжин шугам баримталж, эмэгтэйчүүдийн тэргүүлсэн эсэргүүцлийг хэрцгийгээр нухчин дарсан Раисиг олон улсад гараа олонтаа цустсан хүн гэж үздэг.

Шинжээчдийн онцолсноор, Раиси төрийн тэргүүний албан тушаалд очсоноос хойш Иран улс хилийн цаадах асуудлуудад илүү идэвхтэй оролцож эхэлсэн бөгөөд Раисигийн үед Иран хуситуудад дэмжлэг үзүүлснээр Улаан тэнгис дэх хөлөг онгоцнууд аюулд өртөж эхэлсэн, Хезболлад туслан, Ирак дахь Америкийн цэргүүд рүү халдахад нь Иран дэмжлэг үзүүлсэн, Израилын эсрэг дайныг ХАМАС өдүүлэхэд том тус үзүүлсэн аж.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img