2024-06-15, Бямба
18.5 C
Ulaanbaatar

Их нь ичиж, бага нь уйлсаар нэр дэвшигчид тодорлоо

Монголын улс төр халж эхэллээ. Гэвч буцлах хараахан болоогүй. Нам, эвслүүд өчигдөр сонгуульд өрсөлдөх хүмүүсийнхээ нэрийг тодорхой болгож, хуулийн хугацаандаа багтан Сонгуулийн ерөнхий хороонд хүлээлгэн өгсөн. Хэдий тийм ч энэ нэрс бол эхний ээлжний тестийн шалгалт гэж ойлгож болно. Иргэд, сонгогчдийн хариу үйлдлийг анзаарах, сошиал давалгааг мэдэрсний дараагаар өөр олон өөрчлөлт гарна. СЕХ-ноос өнөөдрөөс эхлэн тав хоногийн хугацаанд нэр дэвшигчдийн материалыг хүлээж авна.

Ингээд хоблогдох байгууллагуудаас хүн тус бүр дээр лавлагаа гаргуулна. Тэр лавлагаагаа нэр дэвшигчийн бүрдүүлсэн материалтай тулгаж байж бүртгэх эсэх шийдвэрийг гаргах учиртай. Хамаг асуудал үүн дээр л шийдэгдэнэ. Олон нийтийн дэмжлэг хүлээж чадахгүй, намын нэр хүндэд сөргөөр нөлөөлөх нөхдүүдээ цагдаа, тагнуул зэрэг хүчний байгууллагуудын тодорхойлолтоор нам дарж, бүртгэхээс татгалзуулж ч чадна гэдгийг бодолцох ёстой.

“Бүр цаад эзнийг нь…” гэдэг шиг нэр дэвшигчдийг ерөнхийд нь Ерөнхийлөгчийн, Ерөнхий сайдын, Их хурлын даргын хүн гэж гурав хувааж болохоор харагдаж байгаа. Тэгэхээр энэ гурван хүний бяр, эрх мэдлийн далд зодооны үр дүнд л эцсийн байдлаар шийдэгдэнэ.

Ер нь МАН бол хэзээнээсээ дотоод зөрчил тэмцэл, зодооноо олон нийтийн өмнө ил гаргаж байгаагүй. Тийм ч болохоор жагсаалтад багтаагүй, тойроггүй хоцорсон нөхдүүд нь хэдийгээр хавчиганаж байсан ч “Намын нөхдийн шийдвэр” гэдэг үгээ өмнөө барьдаг. Харин энэ жилээс “Ээж битгий дэвш” гэсэн үгтэй болж байгаа бололтой.

МАН-ын жагсаалт цагаа олсон нүүдэл байж чадлаа, гэхдээ…

Эрх баригч намын хувьд жагсаалтаа эрдэмтэн, судлаачаар толгойлуулсан нь олон нийтийн талархлыг хүлээж байна. Цагаа олсон зөв нүүдэл гэж энэ. Намын дарга нь жагсаалтаа тэргүүлэлгүй тойрогт нэр дэвшихээр болсон нь ч гэсэн сонгуулийн маш том сурталчилгаа болох нь гарцаагүй. Тэр ч хэрээрээ тодорхой хувийн санал нэмэгдэж таарна. Гэхдээ жагсаалтыг нь анхаарч ажиглавал одоогийн лидерүүдийнхээ цүнх баригч, сайн дүү нар байгаа нь анзаарагдана.

МАН хэдийгээр сүүлийн найман жил дангаар засагласан ч ард түмнээс 100 хувийн дэмжлэг авч, жагсаалтад багтсан 48 хүн УИХ-ын гишүүн болно гэж байхгүй. Тэгэхээр жагсаалтын талаас хойшоо бичигдсэн нөхдүүд нам нь ялсан тохиолдолд дэд сайдын суудалд баараггүй гэсэн сэрүүн зүүдтэй яваа гэж ойлгож болно. Түүнээс биш гишүүн болохгүй гэдгээ тэд хамгийн сайн мэдэж байгаа. Тэгвэл жагсаалтын дээгүүрт бичигдсэн хүмүүс гишүүн болох уу.

Мэдээж эрх барьж байгаа нам учраас эхний 20 орчим нь гишүүн болох зураг тодорчихсон. Гэхдээ тэд сонгогдож гарч ирээд улс орны хөгжлийн төлөөх том асуудлууд дээр манлайлал үзүүлж ажиллана гэдэг юу л бол. Эсрэгээрээ тойрогт нэр дэвшиж яваа том зүрхтэй ах нарынхаа үнэнч албат, үлгэрийн баатрууд нь байж мэргэжлийн кнопчид л болно.

Ждү-чин, нүүрсний хулгайчид ба бодлого тодорхойлогчид

МАН-аас нэр дэвшигчдийн нэрсийг анзаарахад өнөө л ЖДҮ-чин, нүүрсний хулгайч, элдэв асуудалд орооцолдогч эрх ашигтнууд, популистууд байж л байна. Онцолж шүүмжлэх тойрог бол баруун бүс. Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймаг буюу хоёрдугаар тойрогт нэр дэвшиж буй Д.Амарбаясгалан, С.Бямбацогт, Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нар гэхэд л ямархуу дуулиан, шуугиан, бульхай зальхайд холбогдсоныг сонгогчид андахгүй. Өрсөлдөгч намын зөв намтартай, зөв тактиктай улстөрчид цойлоод гараад ирж мэдэхээр л тойрог харагдаж байна.

Булган, Орхон, Хөвсгөлийн дөрөвдүгээр тойрогт популист гэгддэг Б.Бат-Эрдэнэ, Л.Энх-Амгалан, Ц.Даваасүрэн нар зуузай холбож явна. Энэ тойрогт МАН-аас сойж буй Ж.Бат-Эрдэнэ ч сайн, муу олон шуугианд нэр холбогдсон нэгэн. Уулын мод урттай богинотой гэдэгчлэн дажгүй баг болж, бодлого яриад өрсөлдчих нэр дэвшигчидтэй тойрог ч цөөнгүй байна.

Нэг жишээ нь Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийн тавдугаар тойрог. Төвийн бүсийн энэ тойрогт МАН-аас нэр дэвшигчдээс харахад хамгийн өндөр рейтингтэй нь Сангийн сайд Б.Жавхан байна. Тэр утгаараа мань эр багаа ахлаад “аялалд” гарахаар харагдаж байна. Байсхийгээд л нэг сайдтай төсвийн талаар ширүүхэн үзэж тарсаар “сангийн харамч нохой” хочтой болсон тэрээр сүүлийн үед “Баялгийн сангийн автор” хэмээн цоллогдох болсон. Ёс зүйн асуудалтай гэгддэг Ч.Ундрам, ЖДҮ-д нэр холбогдсон Ж.Энхбаяр, өөрт нь огт хамаагүй Дарханы замаас өөр гялтайх, гайхуулах “ажил” үгүй, хүний хийснийг өөртөө нааж контент хийхээс өөр идгүй Г.Дамдинням гэх мэт нэр дэвшүүлэхгүй алгасах байсан цөөн заримыг нь эс тооцвол МАН төвийн бүсэд дажгүй баг сойж.

Л.Гантөмөр жагсаалтаа тэргүүлсэн нь сул тал уу?

Ардчилсан намын хувьд байдал тэс өөр байна. Өчигдөр болсон Үндэсний бодлогын хорооны хурлаар нэлээд ширүүн тэмцэл өрнөсөн. Тэр нь ч олон нийтэд ил цагаан байсан. Тус намын олон ургалч үзэл, түүнийгээ ил илэрхийлдэгт нь дуртай, хайртай хүмүүс байдаг. Гэвч эсрэгээрээ энэ бүхэн нь сонгуулийн үр дүнд нөлөөлдөг, нөгөө намдаа олз болдог байдал ч ажиглагддаг.

Намын дарга Л.Гантөмөр жагсаалтаа тэргүүлсэн нь сул тал болж мэднэ. Учир нь эрх баригчдын зүгээс тойрогт очих нэр нүүргүй, манлайлал үзүүлж чадсангүй гэх агуулгыг хүссэн хүсээгүй гаргаж тавина. Хэдийгээр АН жагсаалтдаа намынхаа залуучуудаас оруулж, эмэгтэйчүүдийн төлөөллийг хангасан ч гэсэн тойрогт очоод гарах нь эргэлзээтэй өнөөх л С.Одонтуяа, Р.Амаржаргал, Б.Пунсалмаа, Ж.Батсуурь нарын нэр харагдаж байна. Үүгээрээ холимог тогтолцоогоор явсан 2012 оны сонгуулийн алдаагаа бараг л давтчихлаа.

Гэсэн хэдий ч хоёр том намын нэг гэдэг утгаараа сонгогчдын тодорхой хувийн саналыг авч л таарна. Тэгэхээр жагсаалтын эхний 15 орчим хүн гишүүн болох магадлал өндөр гэсэн үг. Харин эдгээр 15 хүн МАН-ынхнаас ялгаатай нь зүгээр нэг кнопчид биш бодлогын түвшний асуудалд улс суурьтай хандах болов уу гэсэн горьдлого хаа хаанаа байгаа юм. Мэдээж фракц, бүлэглэлүүдийнхээ төлөөллийг тодорхой хувиар шингээсэн. Гэхдээ энэ удаа Х.Баттулга, С.Баярцогтын фракц илт илүүрхлээ. Бүр тодруулж хэлбэл “Нэг Монгол” фракц, МоАХ хоёр хамгийн хүчтэй нь байлаа. Мэдээж Ц.Элбэгдорж, С.Эрдэнэ гэсэн томчуудынх нь төлөөлөл бий.

Сонирхолтой нэг өнцөг нь гэвэл Х.Баттулга тойрогт нэр дэвшсэн явдал. Хамгийн сонирхолтой нь мань эр төрж өссөн Баянхонгор чигээ биш хангайн тойрог буюу Хөвсгөл, Булган, Орхон аймагт нэр дэвшихээр болчихлоо. Ц.Даваасүрэнг хэдэнтээ сонгосон Хөвсгөл, Фэнгшү Ганбааг гишүүн болгочихдог Орхон-Уул гээд харвал экс

Ерөнхийлөгчийг уухайлаад дэмжчих бүс нутаг мөн л дөө, яалт ч үгүй.
За тэгээд С.Эрдэнэ, С.Баярцогт, Д.Эрдэнэбат, Д.Ганбат тэргүүтэй хууччуул нь тойрогт нэр дэвшсэн гэхээр энэ сонгуулийн дүн нэлээд сонирхолтой гарах зураг анзаарагдаад байна.

Төгсгөлд өгүүлэх нь:

ХҮН болон жижиг намуудын дарга нар ч гэсэн жагсаалтаа тэргүүлсэн. Эдгээр нөхдүүд тойргийн 50 хувьд нь яаж ийгээд хүн олж нэр дэвшүүлээд сонгогчдын саналын босго давбал өөрөө гишүүн болох сонирхолтой л улс. Түүнээс биш бодлого боловсруулж, засагт хамтрах хэмжээний санал авах боломжгүй. Үүнийгээ ч тэд тооцоолсон байх. Ямартаа ч их нь ичиж, бага нь уйлсан өдрүүд өнгөрч, нэр дэвшигчдийн нэрс тодорлоо. Харин энэ удаагийн сонгуулийн гол өрсөлдөөн уламжлалын дагуу АН, МАН хоёрын хооронд болж, үарим намууд нэг, нэг “Доржханд”-тай болох байдал анзаарагдаж байгаа. Хэрэв МАН олонхын санал авч ялалт байгуулбал АН болон бусад жижиг намын төлөөллийг засагтаа урьж, хамтарсан засаг байгуулах замаар өнгөрсөн хугацааны хариуцлагаас мултрахыг оролдоно гэсэн улс төр судлаачийн үгийг төгсгөлд нь дайя.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img