2024-06-16, Ням
13.6 C
Ulaanbaatar

Н.Тэгшбаяр: Ураныг углааштай эсэргүүцэж эхэлсэн хүмүүс одоо 9911 дугаар, том жипээрээ гайхуулж байна

Цөмийн физикч, физикийн ухааны доктор Н.Тэгшбаяртай уран тойрсон асуудлаар ярилцлаа.

-Манай улсад ураны нөөцөө ахиулах бололцоо бий юу, дэлхийн томоохон тоглогчдын нэг байх боломжтой юу гэдэг утгаар сонирхож байна л даа?

-Манай улс одоогоор 200 мянган тонн ураны нөөцтэй. Ирээдүйд тогтоох прогноз нөөц нь 1.5 сая тонн. Ингээд харахаар Азийн Монгол дэлхийн батлагдсан нөөцийн таван хувийг эзэмших тооцоо байгаа. Ер нь ураны нөөцөөрөө бид дэлхийд тавд орох бүрэн боломжтой.

-Дэлхийд ураны хэрэглээ ирэх жилүүдэд ямар байх бол?

-Дэлхийн ураны хэрэглээ 2030 он гэхэд 110 мянган тонн болж өсөх хандлага ажиглагдаж байгаа. Дэлхий ураны нэг жилийн олборлолт өнөөгийн байдлаар 70 мянган тонн. Ингээд харахаар 2030 онд 40 мянган тонны хомстол үүсэх нь тодорхой байна. Эрэлт нь ихэсч, нийлүүлэлтийн хомсдол үүсвэл үнэ ханш нь өсөх үзэгдэл ажиглагдаж таарна. Өөрөөр хэлбэл ураны үнэ өсөх ирээдүй харагдаж байна. Бүр тодруулж хэлбэл ураны ханш дэлхийн зах зээлд ойролцоогоор хоёр дахин өсөх төлөв ажиглагдаад эхэлчихсэн.

-Ураны нөөц Дорноговь хавиар төвлөрсөн байна уу, эсвэл?

-Ганц Дорноговь аймаг биш л дээ. Монгол орон даяар тархсан гэж үздэг.

-Ураны салбарт гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй төсөл ахиж өгдөггүй тал анзаарагддаг. Хан ресурс байна. Францын Засгийн газартай хамтран хэрэгжүүлж байгаа төсөл олон жил гацалтын байдалтай яваа гэчихэд хэтрүүлэг болохгүй…?

-Тийм тал бийг үгүйсгэх аргагүй. “Хан ресурс”-ын кейс тод жишээ л дээ. Оросууд манайд уран олборлож байсныг та мэднэ. Орхиод гарсных нь дараа тухайн ордыг “Хан Ресурс” эзэмшиж байсныг ч бултаараа мэдэж байгаа.

Даанч хяхаж хавчсаар байгаад хөөгөөд гаргачихсан. Эцэст нь бид тэр компанид их хэмжээний төлбөр төлөөд дууссан шүү дээ. Эдийн засгийн ач холбогдолтой төслөө явуулахгүй, явуулахгүйн дээр гацаачихаад иргэдийн татварт төлсөн мөнгөнөөс их хэмжээний мөнгөн төлбөр гадагш нь цацаад байж болохгүй шүү дээ.

-Францын талтай хамтран хэрэгжүүлж буй төслийн тухайд та юу хэлэх вэ?

-Таны онцолсон төслийн тухайд Францын тал 66, Монгол Улсын “Мон-Атом” компани 34 хувийг эзэмшдэг. Төслийг хэрэгжүүлэх газар нь Зөөвч овоо, Дулаан уул орд. Франц улс Европын холбооны эдийн засаг, геополитикийн гол тоглогч шүү дээ. Эрчим хүчний хэрэгцээнийхээ 68 хувийг 56 цөмийн реактороос гарган авдаг европын томоохон тоглогч орж ирнэ гэдэг бол бидний хувьд том олзуурхал. Францын тухайд онцлох өөр нэг өнцөг бий. Энэ улс цөмийн бүрэн цикл хийдэг орон. ОХУ, Франц, Их Британи, АНУ, БНХАУ гэсэн НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн, цөмийн бүрэн циклтэй таван улсын нэг.

-Бүрэн цикл гэдгээ тодруулаач?

-Бүрэн цикл гэдэг нь ураныг эрэх, хайх, олборлох, боловсруулах, цөмийн болон бусад изотопыг гарган авах, атомын эрчим хүч гарган авч түлшний хог хаягдлыг дахин боловсруулахыг хэлээд байгаа юм. Бас нэг зүйлийг онцлоход Францын судлаачид ураныг эрж хайх, олборлох технологиор тэргүүлдэг, газар дор уусган баяжуулахдаа мэргэшсэн гэдгээрээ дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн. Физикийн шинжлэх ухааны үүднээс дүгнэхэд ийм байна.

-Тэгвэл бид Францтай яагаад заавал хамтрах ёстой вэ гэдэг асуултад та ямар хариу өгөх вэ?

-Франц манай ураны салбарт хамгийн их хөрөнгө оруулсан. Мөн Монгол Улс тусгаар тогтнолоо зарлахад чухал нөлөө үзүүлсэн орон. Манай улсыг НҮБ-ын гишүүнээр элсэхэд анхлан дэмжиж, Элчин сайдын яамаа нээсэн барууны их гүрнүүдийн нэг. Өөрөөр хэлбэл, манай хоёр улс маш өргөн, урт хугацааны дипломат харилцаатай. Ер нь социализмын үеэс л гуравдагч орны соёл, шинжлэх ухааны хамтын ажиллагаа дээр Франц улс хамтран ажилладаг байсан.

Мэдээж гуравдагч хөршийн хөрөнгө оруулалт гэдэг бол манайх шиг хоёр том гүрний дунд орших улсад маш чухал. Эдийн засгийн агуулгаараа ч, үндэсний аюулгүй байдал талаасаа ч тун хэрэгтэй түнш л дээ, Франц. Уурхай байгуулах, ашиглах, боловсруулах, эрчим хүч, тээвэр логистикийн дэд бүтцийг хөгжүүлэхэд 1.3 орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр Францын тал санал тавьсан байсан. 1 тэрбум ам.доллароос дээш мөнгөн дүнтэй төслийг мега гэж тодотгодог. Мега төслүүд Монголыг хүчирхэг болгоно гэдгийг та юу эс андахав.

Бидний ярьж буй хөрөнгө оруулалтын гэрээгээр дамжин Европын хөрөнгө оруулагчид, улс төрийн анхаарлыг Монгол Улс татаж, харилцан ашигтай хамтын ажиллагааг хэрэгжүүлэх эхлэлийг тавих нь маш том олзуурхал. Оюу толгойг дагаад өчнөөн хөрөнгө оруулалт орж ирсэн гэдэг шиг энэ төслийг дагаад хөрөнгө оруулалтын урсгал нэмэгдэх давуу тал ч бас бий.

-Та түрүүн ураны салбарт тоглогч байх бүрэн боломжтой гэсэн. Уранаа олборлоод эхлэнгүүт бидэнд ямар давуу байдал үүсэх бол?

-Монгол улс ураны салбарт тоглогч байх бүрэн боломжтой гэдгээ ахиад давтан хэлье. Наад захын жишээ Казахтсан байна шүү дээ. Манай улстай нэг гараанаас л эхэлсэн улс. Гэтэл өнөөдөр дэлхийн тэргүүлэх уран экспортлогч, эдийн засаг, стратегийн хувьд томоохон тоглогч болчихсон явна.

Казахстаныг давдаггүй юмаа гэхэд дэлхийд хоёрт орох нийлүүлэгч орон болох амбиц тавих ёстой. Францтай хамтарч буй төслийн тухайд эрэл, хайгуулын шатаа давсан. Одоо олборлоод эхэлбэл шар нунтаг нийлүүлэгч орон болчихно. Шар нунтаг гаргадаг орон болчихвол урт хугацаандаа цөмийн реактортай болох бүрэн боломж бий.

-Тэгвэл эрчим хүч асуудал биш болно доо?

-Тэгнэ. Эрчим хүчээрээ бусдаас хамаарахаа болих нь цаг хугацааны л асуудал болно. Монгол Улс эрчим хүчнийхээ 30 хувийг ОХУ-аас, 70 хувийг БНХАУ-аас авч байна. ОХУ-аас бүрэн хараат гэж ойлгодог хүмүүс бий. Гэтэл үнэндээ БНХАУ-аас эрчим хүчнийхээ 70 хувийг авдаг. Орос улс импортоо зогсоовол баруун болон төвийн аймгууд эрчим хүчгүй болно.

БНХАУ эрчим хүч нийлүүлэхээ боливол Монгол Улсын эдийн засгийн үндсэн хүч Оюу толгой, Тавантолгой эрсдэлд орно гэдэг талаас нь харах учиртай. Эрчим хүчний хамаарлаас гарахгүй бол Монгол Улсад аж үйлдвэрийн сэргэлт, Шинэ сэргэлтийн тухай ойлголт байхгүй. Гангийн үйлдвэр, Аж үйлдвэрийн парк байгуулж, утаанаасаа салж чадахгүй.

Өрсөлдөх чадварт муугаар нөлөөлсөөр байна гэсэн үг. Тийм учраас энэ төслийг дээр доор, төр хувь гэхгүй дэмжээд явах хэрэгтэй. Нэг зүйлийг онцлоход энэ төсөл хэрэгжвэл стратегийн маш өндөр ач холбогдолтой.

Франц улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын таван гишүүний нэг гэж өмнө хэлсэн. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн улсуудтай өндөр түвшинд хамтран ажиллах нь бидэнд ашигтай. Цөмийн энерги, өндөр технологийн түвшинд эдгээр улсын хөрөнгө оруулалтыг дэмжих нь Монголд ашиг тусаа өгөх шийдэл болно.

-Ингэхэд дэлхийд хэчнээн цөмийн реактор ажиллаж байна вэ?

-Өнөөдрийн байдлаар дэлхийн 31 оронд 420 цөмийн эрчим хүчний реактор ажиллаж байгаа.

-Харамсалтай нь уран аюултай, шар нунтаг олборлоод эхэлбэл улсаараа сүйрнэ гэх мэт муйхар хандлага хүчтэй хэвээр байна л даа. Ураны төслийг урагшлуулах гэхээр л эсэргүүцэж шантаажлаад зогсоодог байдал газар авсан хэвээр байна. Энэ тал дээр таны байр суурийг сонсъё?

-Цөмийн технологийг дагаад сансар судлал, газрын ховор элемент, анагаахын шинжлэх ухааны олон салбар хөгжиж байна шүү дээ. Хүн төрөлхтөн цөмийн технологийг хөгжүүлснээр сансар огторгуйг судлах эхлэлийг тавьчихсан. Дэлхий ингэж өөрчлөгдөөд байхад бид “уран бол хадны мангаа” гэж муйхарлаад сууж таарахгүй. Шуудхан хэлэхэд уран олборлох, атомын цахилгаан станц барих төрийн бодлого үргэлжлэх шаардлагатай.

-Ураныг эсэргүүцэгчид уран олборлох явцыг маш аюултай гэсэн мэссэж нийгэмд өгдөг. Уран олборлох болоод байгаль дээрх ураны нөлөөллийн талаар ярилцлагаа үргэлжлүүлье?

-Уран бол цацрагийн хувьд эрсдэлтэй, химийн хоруу чанартай элемент. Тийм учраас олборлохдоо цөмийн, цацрагийн хяналттай ашиглах шаардлагатай байдаг юм. Цацраг идэвхт болохоос биш зэс олборлохтой зарчмын хувьд адилхан шүү дээ. Газар дор уусган баяжуулах аргаар олборлодог. Ураны эрэл хайгуул, тандан судалгаа, олборлолт гээд бүх явцад цөмийн болон цацрагийн хяналтыг Олон улсын атомын энергийн агентлагаас гаргасан дүрэм, стандартыг баримталж хийдэг. Цөмийн энергийн тухай хууль, төрийн бодлогод энэ талаар тусгасан байдаг. Стандартаа бариад ажиллахад ямар ч асуудал байхгүй.

Ер нь манайхан нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Ухаж, олборлоогүй байсан ч урантай газар бол урантайгаа л байна гэдгийг. Газар доор уран байгаа л бол урантай орчин гэсэн үг. Бүр тодруулж хэлбэл тухайн газарт ус хийвэл урантай техникийн орчин болно. Сүү хийсэн ч урантай техникийн орчин болдог. Хүхрийн хүчил хийсэн ч урантай техникийн орчин болдог юм. Жаахан хошигнож хэлэхэд уран тийм хортой юм бол ураныг нь ухаад явж байгаад талархах ёстой юм биш үү.

-Шар нунтгийг энгийнээр тайлбарлаж өгмөөр шиг байгаа юм, энэ чигийн мэдлэггүй хүмүүст?

-Маш энгийнээр хэлэхэд байгалийн уран л гэсэн үг. Байгаль дээр байгаагаараа байдаг ураныг хэлж байгаа юм. Шар нунтагийг шууд аргал шиг авчраад түлээд эрчим хүч гаргачихдаггүй. Цөмийн түлш хийдэг цөөхөн оронд аваачаад цөмийн түлш хийлгэдэг.

-Манайх цөмийн зэвсэггүй бүсэд багтдаг. Энэ бүсэд багтсанаар бид ямар эрсдлүүдээс тойрч байгаа вэ?

-Цөмийн зэвсэггүй бүсээр дамжуулж цөмийн зэвсэг тээвэрлэхийг дэлхий нийтээр хорьсон байдаг. Цөмийн хог хаягдал авчирч булшлахыг мөн хорьсон.

-Ураныг эсэргүүцэгчдийг анзаараад байхад цөөн зарим нь үнэхээр мэдэхгүйдээ эсэргүүцээд байх шиг ажиглагддаг. Санаатайгаар, зориудаар, шуудхан хэлэхэд гадны санхүүжилттэй хөдлөж байж мэдэхээр бүлэг хүн ч эсэргүүцэгчид дунд байна. Үүнийг та хүлээн зөвшөөрөх үү?

-Бүрэн хүлээн зөвшөөрнө. Таны хэлсэнчлэн мэдэхгүйдээ буруу зөрүү ярих хүмүүсийг ойлгож болно. Мэдсээр байж эсэргүүцээд байгаа хүмүүсийг онцгой анхаарах хэрэгтэй. Яг үнэндээ цахилгаанаараа бусдаас хамааралгүй орших, мега төсөл хэрэгжүүлж эдийн засгаа тэлэх гэх мэт уранаас үүдэлтэй өгөөжүүд үндэсний аюулгүй байдал, улсын тусгаар тогтнолтой холбоотой. Энэ өнцгөөс нь харвал зориудаар ураныг эсэргүүцэж байгаа хүмүүс бол эх орноосоо урвагчдаас ялгаагүй. Тэр утгаар нь тэднийг шалгах хэрэгтэй гэж боддог.

-Ураныг эсэргүүцэгчид эхэндээ жирийн л аж ахуйтай байснаа сүүлдээ сүрхий хөлжсөн гэж сонсч байсан. Цаана нь том санхүүжилт байгаа учраас тэгж хөлжөөд байна уу. Ер нь та энэ талаас нь анзаарч байсан уу?

-Нуулгүй хэлэхэд намайг Цөмийн энергийн газрын дарга байхад нийтийн автобусанд сууж очоод углааштай эсэргүүцэж байсан хүн сүүлд нь 9911 дугаартай утастай, миний амьдралдаа унаж үзээгүй том жиптэй, үл хөдлөх хөрөнгө зарна гэсэн зар тавьчихсан явж байсан.

Ер нь ураны төслийг олон жил идэвхтэй эсэргүүцсэн хүмүүсийн амьдрал нүдэн дээр сэргэчихсэн яваа. Булзахын аргагүй үнэн гэвэл энэ. Дахиад хэлье. Монгол төр нүдтэй бол энэ хүмүүсийг шалгах хэрэгтэй. Үгээ хэлсэн иргэд, сэтгүүлчдийг барьж хорихын оронд ийм юмыг шалгах ёстой.

-Үндэсний хэмжээний том төслүүдийг эсэргүүцэж байгаа хүмүүсийн цаана, бүр тодруулж хэлбэл ураны төслийг эсэргүүцэгчдийн цаана хэн байгаа бол. Санхүүжүүлэгч нь хэн бол гэдэг утгаар асууж байна л даа?

-Хэн ч байж мэднэ.

-“ОХУ манай ураны төслүүдийг хөдөлгүүлэх сонирхолгүй” гэсэн хардлага дуулддаг. Үнэн болов уу?

-Хөрш том гүрнүүдийн тухайд биднийг хүчтэй байлгах сонирхол аль алинд нь байхгүй. Тэгэхээр үгүйсгэх аргагүй.

-Та түрүүн атомын цахилгаан станц барих ёстой гэлээ. Гэтэл өнөө уран эсэргүүцэгчид маань атомын станц барина гэсэн мэдээлэл сонсонгуутаа Фүкүшима, Чернобыль яриад нийгмийг айдаст автуулчихдаг. Энэ тал дээр мэргэжлийн хүний хувьд юу хэлэх вэ, та?

-Фүкүшима шиг осол болбол яах вэ гэж асуудаг л даа. Тэр ослоос болж олон мянган хүн үхсэн гэсэн ойлголт байдаг. Мэдээлэлгүй байгаагийн л шинж. Амиа алдсан хүмүүсийн тухайд 9.0 баллын газар хөдлөлтөөс болж үүссэн цунамид өртөж эрсэтсэн. Атомын цахилгаан станцаас болж хүн үхээгүй гэсэн үг. Бүр тодруулж хэлбэл Фүкүшимагийн станцын реактор эвдрээгүй. Харин ч Фүкүшимагийн станцад гарсан осол хүн төрөлхтөнд атомын цахилгааны станцын аюулгүй үнэхээр сайн юм байна гэсэн дохио өгсөн.

Хүн төрөлхтөн 8.0 баллын газар хөдлөлтөд цөмийн станцыг доргиох туршилт хийгээгүй байсан юм. Гэтэл байгаль эх туршаад Фүкшимагийн газар хөдлөлтөөр нотоод өгчихсөн. 8.0 баллаас дээш газар хөдлөлтөд цөмийн станц дэлбэрэхгүй юм байна, ямар ч аюулгүй юм байна гэдгийг нотолсон шүү дээ. Японд ийм л юм болсон. Чернобылийн хувьд өнөөгийн технологитой зүйрлэхийн аргагүй. Анхан үеийн атомын цахилгаан станц байсан. Тэгэхээр байгаа олоогүй зүйрлэл гэсэн үг.

-Атомын цахилгаан станцын хөгжил аль үедээ яваа талаар сонирхуулаач?

-Одоо дөрөвдүгээр үедээ орчихоод байгаа юм. Цөмийн урвал нь дөрвөн өөр болчихсон гэсэн үг биш. Аюулгүй байдлыг хүний оролцоогүйгээр зуун хувь эрсдэлгүй болгож байгааг л ингэж тодотгоод байгаа юм.

-Ураны төсөл яагаад удаашраад байна вэ гээд харахаар нэг хандлага анзаарагдах юм. Ажил хийгээд шийдэл гаргачихаар араас нь ноцоод, барьж авч шоронд хийчихдэг болчихсон. Наад захын жишээ гэхэд л Оюу толгойн гэрээг байгуулсан, гацааг гаргасан С.Баяр, Ч.Сайханбилэг, С.Баярцогт, Да.Ганболд байна…?

-Тийм шалтгаан байгаа нь үнэн л дээ. Хуульд заасан үүргийнхээ дагуу ажлаа хийсэн хүн рүү улстөрчид, хувийнхан, хуулийнхан гэлтгүй ноцоод байх юм бол энэ улс орныг хэн нугалах юм бэ. Улсын хөгжилтэй хамаатай том ажлыг нугалсан хүмүүсийг шагнаж урамшуулдаггүй юм аа гэхэд дэвсэлмээргүй байгаа юм.

Монголыг яг үнэндээ гарын таван хуруунд багтахаар цөөхөн уурхай л тэжээж байна. Өнөөдөр зэсээ боловсруулах ёстой л гэж байна. Цахилгааны машины гол түүхий эд болох газрын ховор элементийг боловсруулаад ядаж батарей болгоод экспортолъё гэж байна. Түүхий эдээ боловсруулж үнэд хүргэж зарахын тулд эрчим хүчээрээ бусдаас хараат биш байх ёстой. Тэр боломжийг нь уран олгоно. Ийм л энгийн үнэн бий.

-“Бадрах энержи” компани газар доор уусган баяжуулах аргаар олборлолт хийнэ. Шар нунтгийн туршилт нь амжилттай болчихсон. Хоёр тал гэрээн дээрээ тохироод гар барилаа л бол гараанаас гарах төсөл. Энэ төсөл хэрэгжсэнээр ойрын болоод ирээдүйд үүсэх давуу талуудаар ярилцлагаа өндөрлөе.

-Н.Алтанхуягийн Засгийн газрын үед авч үлдсэн ганц том төсөл л дөө. Тухайн үед хөөнө, гаргана, зайлуулна гэхэд “Тийм юм байхгүй ээ” гээд авч үлдэж байсан. Одоо энэ төслийг гацаанаас гаргах шаардлагатай. Гацаанаас гарчихвал атомын цахилгаан станцтай болоход нэг алхам дөхнө гэсэн үг. Европын улстөр эдийн засгийн голлох гүрний нэг Францтай өндөр төвшний хамтын ажиллагаатай болно гэсэн үг. Франц улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн таван гишүүний нэг. Аюулгүйн зөвлөл дээр манай улсын “голос” хадгалагдана гэсэн үг. Гуравдагч хөршийн бодлогоо хэрэгжүүлнэ гэсэн үг. Урт хугацаанд Франц улсаар дамжуулж энэ орны улстөр, соёлын томоохон харилцаа бий болно гэсэн үг.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img