2024-06-16, Ням
24 C
Ulaanbaatar

Хүйтэн дайны үед Америкийн тагнуул зөн билэгтнүүдийг элсүүлж байсан түүх

Өнгөрсөн зууны далаад оны эхээр, хүйтэн дайн ид өрнөж байхад АНУ-ын Тагнуулын төв газар Зөвлөлт Холбоот Улсын эсрэг шинэ зэвсэг ашиглахаар шийджээ. Энэ нь зөн билэгтнүүд байв. Ингээд өөрсдийгөө далдын хүчтэй гэж зарласан хүмүүсийн дундаас зөн билэгтнүүдийг элсүүлэх болов. Эдгээр хүмүүс нууц мэдээлэлттэй холбоотой үнэт мэдээлэл олж, нөлөө үзүүлж чадах эсэхийг тогтоохын тулд элсүүлсэн зөн билэгтнүүдийг нарийн шалгадаг байсан гэдэг. Шалгалт сорилтын зарим үр дүн найдлага түрүүлж байв. Энэ төслийг “Оддын хаалга” хэмээн нэрлэсэн бөгөөд 1972-1995 он хүртэл 23 жил төслийг хэрэгжүүлж байжээ.

2017 онд Тагнуулын төв газар “Оддын хаалга” төслийн тухай өмнө нь хэний ч мэдэж байгаагүй мэдээллүүд бүхий 12 сая хуудас баримтыг нууцаас гаргасан юм. Хөтөлбөрийг 1995 онд хаах хүртэл зөн билэгтнүүд өргөн цар хүрээтэй ажиллагаанд оролцож байсан бөгөөд эдгээрийн олонх нь Зөвлөлт Холбоот Улсын эсрэг чиглэгдсэн байжээ.

Нууцаас гаргасан нэгэн илтгэлд Америкийн физикч Гарольд Путхофф болон Рассел Тарг нар зөн билэгтэн Инго Суоннутай хамтран хийсэн туршилтын талаар өгүүлсэн байна. Энэ туршилтын үеэр Инго газар доор байрлах битүүмжлэгдсэн, зузаанханатай чингэлэг доторх соронзон орныг хэдэн секундын туршид бодлын хүчээр өөрчилж чадсан аж. Үүнийг шинжлэх ухаанаар тайлбарлах боломжгүй байв.

Үүний зэрэгцээ, физикч Гарольд Путхофф зөн билэгтэнд хандан чингэлгийн талаар бодохоо болих хүсэлтийг зөн билэгтэнд тавьсны дараа чингэлэг дэх соронзон талбайн тайлбарлах аргагүй өөрчлөлтүүд алга болсон гэнэ.

Zon biligten

Энэ асуудлыг Тагнуулын Ерөнхий Газар сонирхож эхэлмэгц физикч Гарольд Путхофф болон Рассел Тарг нар ажиглалтын үр дүнгээ танилцуулж, тайлагдашгүй үзэгдлийг цаашид судлахын тулд Тагнуулын Ерөнхий Газартай хамтран ажиллах албан бичигт гарын үсэг зуржээ.

Яг энэ үеэр Зөвлөлт Холбоот Улс ч ийм судалгаа хийж байсан нь ил болсон байж. Тиймээс америкчууд өөрсдийн гэсэн маш нууц судалгааг санхүүжүүлэх шийдвэр гаргаж, Стэнфордын судалгааны хүрээлэнд төв байрыг нь байгуулав. Өдгөө энэ нь SRI International болсон гэдгээрээ алдартай.

Туршилт хэрхэн явагдав

Судалгааны явцад өөрсдийгөө зөн билэгтэн хэмээн олноо зарласан хүмүүсийг туршиж, элсүүлж байв. Тэр дундаа “алсаас ажиглалт хийх” боломжийг тусгай албаныхан илүүтэй сонирхож байжээ Өөрөөр хэлбэл хүн, объектыг олж харан, “удирдах чадвар”.

Туршилтад оролцохоор уригдсан хүмүүсийн нэг нь өмнө нь Израилын десантын цэрэг байсан, бодлын хүчээр төмөр халбага сэрээ нугалах чадвараараа дэлхийд алдаршсан Ури Геллер байлаа. Тагнуулын ерөнхий газар түүний өөр чадварыг илүү сонирхож байлаа. Энэ нь хүмүүсийн бодлыг уншиж, тэр бүү хэл хянан, өөрийн үзэл бодлоор солих чадвар.

Ингээд туршилтыг давсан Геллер “Оддын хаалга” төслийг хөгжүүлэхэд голлох үүрэг гүйцэтгэсэн гэдэг. 1975 оны өвөлцөмийн хошуу, лазер систем, бусад нэн шинэ зэвсгийн технологийг эрдэмтэд боловсруулж байсан Калифорнийн хүрээлэнгийн лабораторид явуулсан цуврал нууц сэтгэлзүйн тестүүдэд тэрбээр оролцжээ.

Хожим нууцаас гаргасан баримтуудад өгүүлснээр, “оюун санааг удирдах” Геллерийн чадвар, түүнийг үндэсний аюулгүй байдлын зорилгоор ашиглах боломжтой эсэхийг судлаачид туршихад боломжийн үр дүн гарсан гэх бөгөөд гэхдээ үүнийг амьдрал дээр ашигласан эсэх нь одоо хэр тодорхойгүй.

Далдын хүчтэй, засгийн газрын маш нууц хөтөлбөрт оролцож байсан хүмүүсийн дундаас армийн ахмад Жозеф Макмонгил ч мөн ялгарч байжээ. Тэр 1978-1984 оны хооронд 450 ажиллагаанд оролцож, Иран дахь барьцааны хүмүүсийг олоход Амщрикийн армид туслаж, өөр олон даалгавар гүйцэтгэж байсан гэдэг.

Нууц ажиллагаа

Хэдэн жилийн дараа, 1980-аад оны дундуур энэ хөтөлбөрт Цэргийн тагнуулын агентлаг нэгдэж, улмаар хөтөлбөрийг “Оддын хаалга” хэмээн нэрлэх болсны дээр АНУ-ын Батлан хамгаалах яамны Тагнуулын газар төслийг санхүүжүүлэх үүрэг хүлээв. Ингээд дараагийн хорин жилийн туршид Америкийн Конгресс энэ хөтөлбөрийг санхүүжүүлэх хөрөнгийг баталсаар байжээ.

Судалгаа гурван үндсэн зорилготой байв. Нэгдүгээрт, алсаас ажиглах техникийг гадаадын байтай холбоотой тагнуулын мэдээлэл цуглуулахад хэрхэн ашиглах, хоёрдугаарт, бусад орнууд энэ аргыг АНУ-ын эсрэг ашиглаж чадсан эсэхийг тогтоох, гуравдугаарт, тагнуулын салбарт бүрэн ашиглаж чадахын тулд технологийг сайжруулах лабораторийн туршилт явуулах явдал байв.

Хөтөлбөрийг маш нууц байдлаар явуулж байжээ. “Оддын хаалга” хөтөлбөрт оролцож байсан хүмүүсийн нэг болох Дин Радин төсөлтэй холбоотой баримт бичгүүдийг нууцаас гаргасны дараа хэвлэлд ярилцлага өгч байв. Түүний өгүүлснээр, аюулгүй байдлын албаны ажилтнууд энэхүү ажил нь маш нууц гэдгийг хоёр долоо хоног тутамд сануулдаг байсан гэнэ. Түүнчлэн энэ төсөлд оролцоогүй хэн нэгэн тэдний үйлдлийн талаар мэдэж байж болзошгүй гэсэн сэжиг таамаг байгаа эсэхийг оролцогчдоос байнга асуудаг байж. Тухайн үед өөрт нь тун хэцүү байсан талаар Дин Радин дурсжээ.

“Оддын хаалга” хөтөлбөрийн хараат бус судалгаа

“Оддын хаалга” төсөл 1990-ээд оны дунд үе хүртэл үргэлжилжээ. 1980-аад онд хэвлэл мэдээллийн хэрэгслээр засгийн газрын туршилтын талаарх нарийн ширийн мэдээллүүд цацагдаж эхэлсэн ч Пентагон сэтгэлзүйн судалгаа туршилтад мөнгө зарцуулсан гэдгээ үгүйсгэсээр байв. 1995 оны зуны сүүлээр Тагнуулын ерөнхий газар нийгмийн шинжлэх ухааны салбарын судалгаа хийдэг Америкийн судалгааны хүрээлэнд хандан, “Оддын хаалга” төсөлд хараат бус дүн шинжилгээ хийх хүсэлт тавьжээ. Үүний дараа хөтөлбөрийн материалуудыг нууцаас гаргаж, тайлан нийтлэгдсэн аж.

Тайланд өгүүлснээр, “Оддын хаалга” төсөл бүтэлгүйтсэн, учир нь алсын зайнаас ажиглан олж авсан аливаа мэдээлэл оновчтой бус, үнэн бодит гэж хүлээн зөвшөөрөх хэмжээний тодорхой байгаагүй гэнэ.

Хэдийгээр хөтөлбөр хаагдсан ч АНУ-ын тусгай алба хүний сэтгэцийн онцлогуудыг сонирхох сонирхлоо орхисонгүй. хөтөлбөрийн удирдагч асан доктор Эдвин Мэй “Оддын хаалга” хаагдсанаас хойш олон жилийн туршид цэрэг болон дотоодын тагнуулын нэрийн өмнөөс мэдэгдэл хийсээр иржээ.

2015 онд тэрбээр мэдэгдэл хийхдээ, зөн билэгтний чадварыг судлах түүний судалгаа үргэлжилнэ, судалгаа нь энэ салбарын хамгийн шилдэг туршилт судалгаа болно хэмээн онцолж байлаа. Харин 2014 онд Тэнгисийн цэргийн судалгааны удирдлагын газар 3.8 сая долларын өртөгтэй, “зургаа дахь мэдрэхүй” буюу зөн мэдрэмжийг ашиглах явдлыг судлах дөрвөн жилийн хугацаатай төсөл эхлүүлж байв.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img