2024-05-17, Баасан
13 C
Ulaanbaatar

“Мөнхийн” Ерөнхийлөгч

Багшийн орон тоо муу, дээр нь гар утастай хүүхдүүд хичээл үймүүлээд байвал боловсролын салбар яаж хөгжих вэ гээд сурагчдыг гар утас барихыг хориглосон хууль санаачилчихаж байсан эрхэм бол Тажикстаны Ерөнхийлөгч Эмомали Рахмон.

Ер нь Рахмон байсхийгээд л иймэрхүү сонин содон хууль санаачилж түмний нүдийг орой дээр нь гаргадаг удирдагч. Дарангуйлагчийн нэг хэв шинж гэж өрнөдийнхөн үздэг нь үүнтэй холбоотой биз. Олон жилийн өмнөх явдал л даа, “Мартын 8”-наар тажик хүүхнүүд баярлаж чадсангүй. Бас л Рахмонын гэнэтийн шийдвэрээс болоод тэр.

Тэрээр яг энэ баярын өмнөхөн “Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг улс нийтээр тэмдэглэхгүй шүү” гэж мэдэгдсэн нь дэлхий нийтийн анхаарлыг татсан. Сайтар ажихнээ, яг тэмдэглэхгүй ч гээгүй юм билээ.

Энэ өдрийг “Ээжүүдийн баяр” гэж нэрлэж. Зөвхөн ээжүүд л баярлах учиртай болж таарлаа. Ээж болж амжаагүй бүсгүйчүүд гомдлоо. Тэглээ гээд яах билээ, Ерөнхийлөгчийн зарлиг бол зарлиг. Рахмонын хэлж буйгаар, гурван мянган жилийн тэртээд “хөрст алтан” дэлхийд зөвхөн ээжүүдийн баяр л гэж байжээ. Эртний язгуур түүхээ бодсон ч, эх хүний хайрлах ухаан талаасаа ч Рахмон тун зөв шийдвэр гаргасан гэж хэлэх хүмүүс олон байсан юм.

Тажикийн парламентын гишүүд албан ажлын үеэр заавал зангиа зүүх ёстой. Сурагчид өвдөгөөсөө дээш банзал өмсч болохгүй. Тажик иргэдийн гол өмсгөл нь үндэсний хувцас… Хувийн автомашинаар сургуульд ирэх бүр ч хориотой гээд Рахмонын шийдвэрүүд хөвөрдөг байлаа. Уг нь эдгээр дүрэм журмыг Тажикийн яамдууд л шийдчих асуудал. Гэвч Рахмонын эх оронч сэтгэл хүссэн хүсээгүй энэ бүхнийг шийдэхэд хүргэдэг гэнэ.

Эмомали Шарипович Рахмон /төрийн тэргүүнээр сонгогдохоос өмнө тэрээр Рахмонов гэдэг нэртэй байв/ 1952 оны аравдугаар сарын 5-нд төржээ. Түүний мэндэлсэн газар нь Тажикийн Куляб мужийн Дангар хэмээх байгалийн үзэсгэлэн бүрдсэн сайхан нутаг. Ер нь Рахмонын хувийн амьдрал нууцлагдмал.

Албан тушаал эрхэлсэн хэдэн он сараас өөр гавьтай мэдээлэл бараг олддоггүй. Дунд сургуулиа дүүргээд Курган-Тюбе хотод цөцгийн тосны үйлдвэрт цахилгаанчаар ажиллаж байж. 1974 оноос Номхон далайн флотод цэргийн алба хаагаад, дараа нь үйлдвэртээ эргэж иржээ. Төрөлх сууриндаа Хөдөө аж ахуйн үйлдвэрчний хороон даргаар хэсэг ажиллан, хожим Тажикийн их сургуулийг эдийн засагчаар дүүргэжээ.

М.Горбачевын эхлүүлсэн “Их өөрчлөн байгуулалт” Зөвлөлт гүрнийг донсолгож, энэ их гүрний харьяанд байсан улс орнууд тусгаар тогтнож эхлэх үед Тажикийн төрийн Дээд зөвлөлийн гишүүнээр хэдийнэ сонгогдчихсон, улстөрийн ертөнцөд лавхан гишгэсэн байв. ЗХУ задарсны дараа тажикууд ч бие дааж, тус улсыг Рахмон Набиев толгойлов.

Гэтэл ЗХУ-ын хөрсөнд төлжсөн исламын бүлэглэлүүд идэвхжиж, Афганистан дахь Нажибуллийн дэглэмийг дэмжигчдийн хооронд ширүүн тэмцэл өрнөжээ. 1992 оны тавдугаар сард Набиев исламын төлөөлөгчдийг хүссэн хүсээгүй Засгийн газрын бүрэлдэхүүнд оруулахаас аргагүй болжээ.

Тажикстаныг донсолгосон улс төрийн тэмцлээс ард иргэд нь залхаж, хөрш зэргэлдээ орнууд руу дүрвэх явдал ч тоймоо алдаж. Рахмоновын төрөлх Куляб муж угсаатны мөргөлдөөний халуун голомт болон хувирав. Иргэний дайн дэгдлээ. 100 гаруй мянган хүн амиа алдлаа. Тухайн үед Тажикстаны сөрөг хүчнийг Гарма мужаас гаралтай ислам шашинтнууд, Бадахшан мужийн ардчилагчид бүрдүүлж байжээ. Узбекистан болон Оросын дэмжлэгийг авсан тус улсын умард нутгийн ходжентуудтай Кулябийн үймээн дэгдээгчид нэгдэж, Тажикстаны геополитикийн тэнцвэр агшин зуур алдагджээ. Кулябийн босогчид буюу “Ардын фронт”-ыг Эмомали Рахмон толгойлсон гэдэг.

1992 оны сүүлээр түүний зэвсэгт босогчид нийслэлийг ямарч тулаангүйгээр эзэлж, засгийн эрх мэдэлд хэдхэн хоногийн дотор түүний гарт шилжжээ. Ийнхүү Тажикийн нэгдсэн сөрөг хүчин Рахмонын Засгийн газрын дунд энхийн хэлэлцээ өрнөж, улс орон ч нам тайван болжээ.

Гэхдээ Рахмон өөрөө нэг ч өдрийг тайван өнгөрүүлж чадахгүй байв. Ямар сайндаа л түүний аминд халдах оролдлого хоёр удаа гарч байх вэ. 1997 оны дөрөвдүгээр сард Хужанде мужид явж байх үеэр цуваа руу нь хэн нэгэн гранат шидэв. 2001 онд олны өмнө үг хэлж байтал нэгэн алан хядагч тэсрэх бөмбөг дэлбэлэв. Рахмон хоёулангаас нь эсэн мэнд мултарч чадсан байна.

Магадгүй энэ халдлага дайралт түүнийг харгис догшин болгосон байж мэднэ. Хужанде мужид дэгдсэн бослогыг тэрээр цус урсган дарж, сөрөг хүчний нөлөө бүхий удирдагчдыг нэг нэгээр нь түүгээд шоронд хийчихэв. Заримыг нь цаазалсан. 2003 онд байх, Тажикистаны Дотоод хэргийн сайд Якуб Салимов Москвад баривчлагдаж, 15 жилийн хорих ял авлаа.

Дараа жил нь Ардчилсан намын дарга мөн саатуулагдав. Тэрээр дөрвөн сарын дараа суллагдсан ч учир битүүлэг байдлаар сураг алдарчээ. Сүүлд уг хэргийг хариуцаж байсан Аюулгүй байдлын яамны сайд “шалтгаангүйгээр” 23 жилийн ял авчээ. Рахмоныг эсэргүүцсэн бүхэн ээлж ээлжээр шоронгийн хаалга татаж байсан бөгөөд түүнийг улстөрийн тавцангаас зайлуулахыг оролдсон Худалдааны сайд хамгийн сүүлд ялын тогтоолоо уншуулжээ.

Рахмонын эрх мэдэл бэхжсээр байв. 2003 онд Үндсэн хуульд засвар оруулах бүх нийтийн санал хураалтыг явуулсны дүнд Рахмон төрийн тэргүүнээр дахин 14 жил ажиллах эрхтэй болжээ. 2020 он хүртэл хэн ч түүний эрх мэдэлд халдаж чадахгүй нь нэгэнт тодорхой. Тиймээс л түүнийг “мөнхийн Ерөнхийлөгч” гэж ард түмэн нь нэрлээд байгаа юм. Төрийн тэргүүнээр сонгогдсон даруйдаа нэрээ Эмомали Рахмон гэж болгон хуульчилсан гэдэг.

Орос хүний нэрэнд элбэг тохиодог “ов” төгсгөлийг тийнхүү хассан нь Ерөнхийлөгч өөрийнх нь алхмыг дагаж, үндэсний соёл, уламжлалыг сэргээхийг эх орон нэгтнүүддээ уриалж байгаа аж. Тэрээр тангараг өргөхдөө “Би Үндсэн хуулиа хамгаалж, ард түмнийхээ эрх чөлөө, газар нутгийн бүрэн бүтэн байдлаа хадгална” гэж мэдэгдэж байсан. Бодит байдал дээр тажикууд эрх чөлөөгүй. Тэдний амьдрал төрөөс бүрэн хараат байдаг.

Тажикистаны “мөнхийн ерөнхийлөгч” өдгөө ч шийдвэрүүдээрээ цэнхэр гарагийнхныг гайхашруулсаар буй. Хоёр жилийн өмнө гэхэд л гурав дахь охиноо Их Британи улсад суух элчин сайдаар томилж байв.

Рахмон есөн хүүхэдтэй, тэдний ихэнх нь төр засгийн өндөр албан тушаал хашдаг. Бас Тажикистаны хамгийн ашигтай бизнесийн салбаруудад ерөнхийлөгчийн хамаатан саднууд нөлөөгөө тогтоосон байдаг.

Охин Рухшона Рахмановагаа 2016 онд гадаад явдлын яамны өндөр албан тушаалд томилж байсан гэдэг. Охиных нь нөхөр Шамсулло Сохибов гэр бүлийн нөлөөгөө ашиглан бизнес хийж, асар их баяжсан нэгэн гэгддэг.

Хуучин Зөвлөлт Холбоот Улсын бүрэлдэхүүнд байсан орнуудаас хамгийн ядууд тооцогддог Тажикстан “Мөнхийн Ерөнхийлөгч”-өө хэзээ солихыг бурхан л мэдэх байх.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img