2024-05-14, Мягмар
6 C
Ulaanbaatar

Д.Сосорбарам: Японоос 2 дахин, Швейцараас 3 дахин олон яамтай данхар төртэй болсноо хар даа

Олон улсын Ардчилсан холбооны “Монгол Улс ардчиллын баянбүрд” сэдэвт олон улсын бага хурал өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт ШангриЛа-д болсон юм. Уг хурлын үеэр тавьсан илтгэлүүдийг манай сайт тоймлон хүргэж байна. Эхлээд хүргэх илтгэл бол Монгол Улсын гавьяат жүжигчин, Ардчилсан хөдөлгөөний анхдагч Д.Сосорбарамын “Эрх чөлөөний үнэ цэн”.

Эрх баригчид онцгой эрхт картелуудтайгаа нийлж улсаа сүйрүүлж байна

Өнгөрсөн 34 жилийн хугацаанд бидний бий болгосон эрх чөлөөний үйлсэд жинхэнэ бодитой байр сууринаас буюу барууны үзлийн үүднээс үнэлэлт дүгнэлт өгөх цаг нэгэнт болжээ. Монголыг ЗХУ-ын колончлолоос салгаж бие даасан эрх чөлөөтэй улс болохыг ерэн онд үүссэн эрх чөлөөний төлөөх хөдөлгөөн зарлан тунхаглаж анхны чөлөөт сонгуулиар буюу 1992 онд шинэ Үндсэн хуулиа баталсан.

1996-2000 оны хооронд суурь үнийг чөлөөлж, гаалийн татварыг тэглэж, малыг малчдад, газрыг эздэд нь, орон сууцыг айлд нь өмчлүүлж хувийн өмчийн сэжим үүсгэж байлаа. Иргэддээ гадны аль ч оронд чөлөөтэй зорчих эрх өгч, эрх чөлөөний үнэ цэнийг улс орон даяар нээсэн үйл явдал ерээд онд болсон юм.

Ингэсний үрээр хүмүүс амьжиргаагаа сайжруулж, аж ахуй, бизнес эрхлэн ашиг орлоготой, эрх чөлөөтэй болж, хувийн өмч сэргэсэн түүхтэй. Харамсалтай нь 2000 оноос хойшх эрх баригчид тусгай онц давуу эрх эдэлдэг картелуудыг үржүүлж улс орны хөгжлийг сааруулж эхлээд удаж байна.

Аливаа улс гүрний уналт нь эрх мэдэлтнийг авлигаддаг олигархиуд, картелуудаас болдгийг дэлхийн олон орны түүх нотолно. “Монгол улс ардчилсан орон” гэх нэрээр хуйвалдан эрх чөлөөт сонголтыг үгүй хийж, хүний сонголтыг худалдан авах бохир арга, худал хуурмагаар дүүрсэн мунхагийн суртаал өнөөдөр ноёрхож байна. Чөлөөт сонгуулийн эрх, эрх чөлөөгөө иргэд эдэлж чадахгүй байна.

Бэртэгчид эрх мэдэлд хүрэхийн тулд картелуудаас хандив дэм аваад нийт сонгогчдын олонхийн саналыг худалдан авч төрийн сэнтийд заларсаар удлаа. Тэгж заларсныхаа дараа татвар төлөгчдийг шимж картелууддаа төлбөрөө төлдөг тогтолцоо нэгэнт үүсчихлээ.

Гучаад оны нацизм, хэлмэгдүүлэлт дэлхий даяар босоо ороолон мэт сэрвийлдэж эхэллээ

Өнгөрсөн зууны 20, 30,40-өөд онуудад Европод, дэлхий даяар ардчилал бүтэлгүйтсэн. Хориод оны фашист Итали, гучаад оны нацист Герман, 1937-1938 оны хоорондох хэлмэгдүүлэлтийг өдөөсөн ЗХУ, дөч, тавиад оны үеийн Зүүн Европ дах цэвэрлэгээ, 1937-1939 оны Монгол дах их хядлага, сэхээтнүүдийг тарчлаан зовоосон 1939 оноос хойшх үйл явдал хар түүх болон үлдсэн ч эдүгээ босоо ороолон мэт сэрвийж байгаа нь хүн төрөлхтнийг түгшээж байна.

Үүнтэй зэрэгцээд төр, хувийн хэвшлийн түншлэл нэрийн доор, нийгмийн хариуцлагын хүрээнд гэх ялан социалист уриагаар картелууд, клиентистүүд хоршсон худалч засаг Монгол улсыг дарангуйлал руу чирч байна. Ард олонд таалагдах эсэхийг огт хайхарч үздэггүй, хүчирхийлэл заналхийллээр тушаалаа мөрдүүлдэг төр бол эрх чөлөөний үгүйсгэл, эрх чөлөөний боолт хаалт юм.

Тийм учраас авсаархан татварладаг, цомхон бүтэцтэй, хурдтай ажилладаг засаглал амин хэрэгтэй байна, яг өнөөдөр. Мөнгө хэвлэдэггүй, зах зээлийг жам ёсоор нь явахад садаа болдоггүй орчинтой, банкны чөлөөт системтэй, ард олноо харгислал хүчирхийллээс хамгаалж сэргийлдэг байгууллагатай, хувийн өмчийг төрөөс буюу тонуулчдаас хамгаалдаг хараат бус шүүхтэй, улс үндэстнээ халдлагаас хамгаалдаг батлан хамгаалах салбартай эрх чөлөөт тогтолцоог тунхаглах цаг нэгэнт ирчихэж.

Сонгуулиар эрх мэдлийн төлөө улайрах биш үзэл санаагаараа ялгарч өрсөлдье

Эрх чөлөөний үзэлтэй, ёс зүйт, зүй ёсны капиталист тогтолцоо өнөөгийн Монголд ус, агаар мэт хэрэгтэй байна. Сонгуулиар эрх мэдлийн төлөө улайрахаас илүүтэй үзэл санаагаараа ялгарах явдал хамгийн чухал байна.

Хувирдаг, хуурдаг, худалддаг, хураадаг, доромжилдог, дарангуйлдаг тогтолцоо хэрэгтэй юм уу, айлгадаггүй, сүрдүүлдэггүй, бизнес, хувь хүний хэрэгт хөндлөнгөөс оролцдоггүй жам ёсны эрх чөлөөг баталгаажуулдаг тогтолцоо хэрэгтэй юм уу? Энэ бүхнийг сонгогчид л одоо шийднэ.

Хүний төлөө, ард түмнийхээ төлөө гэдэг уриа бол хулхины үг. Хүнийг өөрийнхөө төлөө явахад нь, иргэдээ бизнесээ хийгээд хөгжихөд нь саад болдоггүй эрх чөлөөт тогтолцоог л бий болгох хэрэгтэй. Эрх чөлөөний үнэ цэнийг хүн бүрийн гарт өгч, хуулиар хамгаалах нь л хамгийн зөв засаглал. Хууль нь хүнээ хамгаалахаар эргээд хүнд нь хуулиа биелүүлэн сахидаг жам ёсны тогтолцоо руу явахгүй бол горьгүй болжээ.

“Хэрвээ би бусдаас холыг харсан гэж бодож байвал гагц миний хүчирхэгийнх биш. Аугаа хүмүүсийн мөрөн дээр зогссон учраас тэгж чадсан юм” гэж тэртээ зуунд Исаак Ньютон хэлсэн байх юм. МЭӨ IV-V зууны үеэс, Дао-гоос эхлээд Аристотель, Жон Локк, Адам Смит, Фридрих Бастиа, Айн Рэйнд хүртэлх шинэ сэтгэлгээ, эрх чөлөөний үнэ цэнийн, чөлөөт эдийн засгийн, чөлөөт худалдаа арилжааны, хүний эрхийн тухай бодит судалгаа, шинжилгээ, тэр бүх үйл явцыг онцгойлон судалж амьдралд хэрэгжүүлэх нь, ёс зүйт, зүй зохист капитализмыг цогцлоох нь үнэ цэн болж байна.

Монгол улс хоёрхон биш 200 гаруй хөрштэй

Капитализмын гурван багана болох хүний эрх, хувийн өмчийн эрх, сайн дураараа харилцаанд орох эрх нь хоорондоо яг таг, эв цав нийлдэг юм. Хувь хүний эрх, хувийн өмчийн эрхгүйгээр сайн дураараа харилцаанд орох эрх нээгддэггүй. Хувь хүний эрх, хувийн өмчийн эрхийг бүрэн хамгаалсан үед л сая сайн дураараа харилцаанд орох эрх аяндаа урган гарна.

Эрх чөлөө бол зөвхөн хариуцлага хүлээх чадвартай хувь хүмүүсийн эрүүл саруул чиг зорилго юм. Ийм учраас эрх чөлөө, ардчилал хоёрыг ялгаж ухаар. Хувь хүний эрх, хүмүүний эрх хоёр ондоо гэдгийг ойлго. Төр, эдийн засаг хоёрыг салга. Хүмүүс ажлаа хийг. Амьжиргаагаа дээшлүүлэг. Тэднийг зөнд нь орхиод аль. Тэдэнд бүү саад бол.

Япон улс 130 сая хүнтэй, 12 яамтай. Швейцарь улс 8 сая хүн амтай, 7 яамтай. Монгол Улс 3 сая хүн амтай, 22 яамтай, 22 сайдтай, 22 төрийн нарийн бичгийн даргатай. 260 гаруй мянган төрийн албан хаагчтай. Японоос хоёр дахин, Швейцараас гурав дахин олон яамтай данхар капиталист төртэй болсноо хар. Төр данхайвал, төр занхайвал, эрх мэдэлтнүүд эрх мэдлийн дон тусвал улс орон доройтдог.

Төрд өмч төвлөрөхөөр авлига үрждэг. Монгол улс Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайд байх үед буюу 2015 онд авлигаараа 72-т эрэмбэлэгдэж байж. Өнөөдөр 121-дүгээрт жагсч, авлига хоёр дахин өсчихсөн байна. Энэ бол бодит үнэн. Өмчийг ард түмэнд нээлттэй, ил тод хувьчилбал авлига аяндаа, зүй жамаараа бүрэн устана.

Монгол улс хоёрхон биш 200 гаруй хөрштэй. 193 оронтой дипломат харилцаатай. Тийм учраас тэлгээр улсаас хөрөнгө оруулалт татаж, тэдэнтэй хийх худалдаа, арилжаа, эдийн засгийн харилцаагаа нээлттэй, чөлөөтэй байлгаж гэмээ нь хөгжлийн ундарга ширгэшгүй.

Дэлхийн дулаарлаар айлгаж өөрсдөө хөлждөг зүүнтнүүд дэлхийгээр нэг хөлхөж байна

Эцэст нь хэлэхэд эрх чөлөө бол хувь хүний үзэл санаа. Тэгвэл энэ хувь хүний үзэл санааны эсрэг фашизм, коммунизм, социализм, национализм, ардчилал, хамтач ёсны үзэл нэгдэн дайрсаар өнөөг хүрсэн. Энэхүү хорон санаат, өөрийгөө сүйтгэдэг үзэл өдгөө “ногоон үзэл”-ээр газар авч, гаарч байна.

Ногоон бодлого гээч нь дэлхийн эдийн засгийн форумд нуугдан, үүрлэж, хүн төрөлхтнийг устгах муу ёрын зорилго агуулж байна. Зүүнтнүүд феминизм, жендеризм гэх үзлээр бидний түүх, уламжлал, соёл, гэр бүлийг устгахаар айсуй.

“Дайн бол энх тайван, эрх чөлөө бол боолчлол, үл мэдэх бол хүч чадал” Жорж Оурэвэл ёгтлол өнөөдөр хүн төрөлхтнийг нөмөрсөн хэвээр байна. Жишээ нь ОХУ-ын террорист явуулга, В.Путины харгислал дэлхий дахиныг цочоон түгшээж байна.

Бас дэлхий сөнөнө, хүний муу үйлдлээс болж хүлэмжийн хий ялгарч дэлхийн дулаарал гаарлаа гэж айлган сүрдүүлдэг, тэрүүгээрээ мөнгөжин хөлждөг зүүнтнүүд дэлхий даяар ичгүүр, сонжуургүйгээр хөлхөлдөж байна. Саруул ухаан, эрүүл бодлоор аливаа юмс үзэгдэлд хандаж сурвал яасан юм бэ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img