2024-05-17, Баасан
10 C
Ulaanbaatar

БААБАР: Монгол Улсад сүүлийн 20 жил тохиолдсон хамгийн том гамшиг бол популизм

Олон улсын Ардчилсан холбооны “Монгол Улс ардчиллын баянбүрд” сэдэвт олон улсын бага хурал өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт ШангриЛа-д болсон юм. Уг хурлын үеэр тавьсан илтгэлүүдийг манай сайт тоймлон хүргэж байна. Энэ удаа Баабарын илтгэлийг тоймлон хүргэе.

Өнөөгийн философийн ухаанд давамгайлж буй ойлголтоор матер болон ухамсар бүхэлдээ энгийнээс нарийн руу, доод болхи тогтолцооноос илүү зохион байгуулалттай дээд тогтооцоо руу чиглэж, урагшлах дэвшилтэт хөдөлгөөнийг дэвшил гэж нэрлэдэг.

Хөгжил гэсэн ерөнхий ойлголтод физик, хими, биологи, нийгмийн гээд судлахуйн бүхий л салбар багтана. Эдийн засаг ч хөгжил гэсэн категорид тусдаа хэд хэдэн ойлголт байдаг. Тогтвортой хөгжил, тулхтай хөгжил гэсэн ойлголтууд ч хоорондоо их ялгаатай. Өнөө үед судлаачид, эрдэмтэд хүний хөгжлийг үндсэн гурван бүлэгт хуваан авч үздэг.

Нэгдүгээрт, материаллаг хөгжил.

Хоёрдугаарт, ахуйн хөгжил.

Гуравдугаарт, сошиал хөгжил.

Монгол Улс хөгжихгүй байна. Тэр байтугай улам ядууран доройтож, удахгүй сөнөж байна гэх маягийн суртал нэвтрүүлэг яван явсаар нийтийг хамарсан ойлголт болж, улмаар буруутныг хайх эрэл рүү хөтлөн, ихэнхийнх нь үнэлэлтээр ардчилсан тогтолцоо өөрөө гол буруутан болж хувирч байна.

Нэгэнт ардчилсан тогтолцоо хүмүүсийг ядууруулж, улс орныг сүйтгэсэн юм бол түүнээс өмнөх нийгэм улс төрийн бүх тогтолцоонд монголын ард түмэн жаргаж үхэж байсан логик гарч байгаа юм.

Иймэрхүү цуурхалт дүгнэлт өнөөгийн ахмад, дунд насныхны дундаас гарч, нийгмийн төлөв байдал хөгжлийн динамикийг мэдэхгүй, шинэ үеийн залуучуудад итгэл үнэмшил болон очиж байна.

Хоёр өөр нийгмийн тогтолцооны аль алинд нь амьд байсан шууд гэрчүүд яагаад иймэрхүү жишиг үнэлгээгүйгээр тайлбар ятгалга хийдэг болсон юм бэ. Сэтгэл судлалын онолоор нийгмийн ямар тогтолцоонд амьдарч байснаас үл хамааран, хүн хөгширсөн хойноо бэлгийн эд идэвхтэй байсан үеэ амьдралынхаа хамгийн алтан үе гэж тооцдог.

Гэтэл хөгжил зогссон тухай онолын гомдлоо бэлгийн чадавх буурсантай нь холбоотой боловч үүнийгээ далдлан амьдралын өртөг нэмэгдсэн, ядуурч буурсан зэрэг санхүү эдийн засгийн хүндрэл, хүний ёс суртахуун гэх мэт юу дуртайтайгаа холбон тайлбарлаж байна.

Үүндээ ардчилсан тогтолцоотой ардчиллын төлөөлөгч гэх бие хүмүүстэй, хөрш орнуудтай, гадаадын хөрөнгө оруулагчидтай холбон нэмж хачирлан чимэглэсээр эцэст нь уруудан доройтож мөхөлтэй золгож буй монгол орны буруутан нь энэ орчлон хорвоо өөрөө бүхлээрээ болж байна.

2004 оноос хойш уул уурхай гэнэт бүүм болж, түүхий эдийн үнэ огцом өссөнөөс болж нийгмийн халамж нэрээр арав хүрэхгүй жилийн дотор нийт ард түмэнд 4 тэрбум орчим ам.доллар бэлнээр нь жигд тараажээ. Үүнд хүүхдийн сар бүрийн, өндөр настны, хуримын оюутны гэх мэтээр ялгаварлан гадуурхалгүйгээр бүгдэд нь хүртээмжтэй тарааснаас гадна янз бүрийн дэмжих сангийн хүрээнд ямааны, тариалангийн, сүүний, жижиг дунд үйлдвэрийн гэх мэт нэртэйгээр нийгмийн тодорхой хэсэг, анги бүлэг, ажил мэргэжлийн хүрээнд олон тэрбум төгрөг тараагдсан.

Энд бэлэн мөнгө тараасныг сайн гэж байгаа юм биш. Үүнийг дагаад асар их шамшигдуулалт, авлига дэлгэрсэн.

Ерөнхий дүнгээрээ нийт хүн ам, өрхийн орлогод чамгүй нэмэгдэл болсон.

Ядуурлын түвшинг гаргая гэхээр янз бүрийн үзүүлэлттэй учир нэг л утгаар тодорхойлж гаргахад хүндрэлтэй байна.

1990 оноос өмнө ийм судалгаа хэзээ ч хийж байгаагүй. Ядуу гэдгийг чухам аль түвшнээс хэрхэн тодорхойлох нь тодорхойгүй байна.

Хэрэв өнөөдөр НҮБ-аас гаргасан шалгуураар нэг хүнд нэг доллар гэсэн шалгуураар хэмжих юм бол ядуурал монголд огтоос байхгүй. Хэрэв Үндэсний статикийн хорооноос гаргасан багцаар хэмжих юм бол ядуурал 20 гаруй хувьтай байна.

Хэрэв Дэлхийн банкнаас хэдэн жил дарааллан нэг гараанаас тогтмол хэмжсэн шалгуураар авч үзвэл ядуурал 10 орчим хувьтай байгаа. Үүнээс гадна ядуурлыг тогтоохдоо ямар нэгжээр хэмжихээс их хамаарна.

ДНБ гэсэн ам.доллараар тооцохоор нэг өөр. PPP буюу худалдан авах чадамжаар хэмжвэл шал өөр дүн гарна. Нийгмийн сэхээтэнлэг гэх хэсэг олон статистикийг зөвшөөрөх боловч үүнээс хавьгүй дээр болох байсан гэж баталдаг. Энэ бол үнэн дүгнэлт. Ихэнх хүнд төр засгийг буруутгадаг авч энэ нь хагас үнэн юм.

Чөлөөт ардчилсан тогтолцоотой монгол оронд сүүлийн 34 жил үргэлж чөлөөт сонгууль болж, төрийн удирдлагыг ард түмний чөлөөт сонгуулиар бий болгосоор ирсэн.

Монголын төрийн удирдлагын бүрэлдэхүүн бол монголын ард түмний ойлгоц сэтгэлгээний шууд тусгал, жижигрүүлсэн толь нь юм.

Монгол Улсад сүүлийн 20 жил тохиолдсон хамгийн том гамшиг бол популизм. Ер нь дэлхийн хаана ч тийм байдаг.

Популизм хөгжлийн хурдыг сааруулдаг асар их боломж бололцоог сүйтгэдэг. Улмаар хөгжлийг зогсоох төдийгүй ухраадаг. Ийм жишиг орчлон ертөнцөд дэндүү их байгаа.

Хөгжиж буй орнуудад дийлэнхдээ гадаадын хөрөнгө оруулалтаар өсөж өндийдөг. Учир нь нэг талаас ядуу орнуудад эргэлдүүлэх өөрсдийн капитал байдаггүй.

Нөгөө талаас зөвхөн ашиг олох гэсэн гадаадын капитал тухайн орон дахь аль салбар ашиг оруулж ирэхийг гадны хөрөнгө оруулагч гярхай хардагаас гадна хөгжиж буй орнуудад хамгийн гачигдалтай технологийн хамгийн шинэ ололт, менежмэнт маркетингийг чухам тэд л авчирдаг.

Монгол орон XXI зууны эхээр гэнэт баяжиж эхэлснээ популизмаас болж дороо хоолны хордлого болон гадаадын хөрөнгө оруулагчдыг хөөж туух, энэ дэлхийд уул уурхайгаас өөр зарах юу ч үгүй байж эдийн засгаа солонгоруулна гэх мэт балайсаар эдийн засгийн материаллаг хөгжил зогсох тийшээ хандлаа.

Улс орны хувьд өрхийн нэгэн адил эхний ээлжинд зах зээлд гаргаж чадах боломжит бараа үйлчилгээндээ тулгуурлан капиталын хуримтлалтай болж түүгээрээ аяндаа бусад салбараа хөгжүүлдэг хүүхэд ч ойлгочихоор энгийн үнэнийг манай нийгэм оошоодоггүй. Ойлгосон ч популизмд илүү автамхай учраас ач холбогдлыг нь хүлээн зөвшөөрдөггүй.

Гадаадын хөрөнгө оруулагчийн үржүүлэгчийн нөлөөг бага ангийн хүүхэд бодоод олчихмоор тоог сонсохыг ч хүсдэггүй. Өнөөдөр монгол оронд үзээд өгье гэсэн ч түүхий эд, уул уурхайн бүтээгдэхүүнээс өөр дэлхийн зах зээл дээр зарагдах ядахдаа ганц бүтээгдэхүүн байхгүй.

Ноолуур, аялал жуулчлал, сүүлний саван, жамц давс, гадаадад гарах ажиллах хүчин зэргийг ярьж хөөрөн баясах ч энэ нь нэгэнт 13 тэрбум долларт хүрсэн үндэсний орлогод нөлөөлөх хэмжээ нь бараг нүдэнд үл өртөнө.

Бидэндээ л олон харагдаад байгаа мал эмнэлгийн шаардлага хангахгүй 70 сая мал маань хоёр аварга хөршийн ганц сарын үдийн зоогт хүрэхгүй атал мал мах экспортыг хөгжүүлээд хаа ч хүрэх юм билээ. Хөөрцөглөөд хувийн болон төрийн хөрөнгө оруулалтаар баахан мах комбинат барьчихсан чинь ашиглалт нь дунджаар 20 хувь хүрэхгүй байгаа шүү.

Ковидын дөнгөж өмнөхөн монголд орж ирсэн гадаадын хөрөнгө оруулалт ердөө 25 сая ам.долларын хэмжээнд байсан.

Монголбанк, Сангийн яамны тооцоолсноор өнөөдөр монголын төсвийн 3/1-ийг бүрдүүлж байгаа Оюутолгойн уурхайн хөрөнгийн биржийн үнэлгээ цагтаа 30 ам.доллар хүрч байсан бол унан унасаар 30 цент болж байсан шүү.

Зөвхөн энэ тоог харахад монгол маргааш ямар ч сайн засаглал гарч ирээд идэвхтэй зүтгэлтэй ажиллалаа ч гадаадын хөрөнгө оруулалтыг сэргээхэд дор хаяж 10 жил шаардлагатай боллоо.

1990 оноос эхлэн 15 жилийн турш Монгол Улсын Ерөнхийлөгч, ерөнхий сайд, шадар сайд нар энд тэнд хэлсэн үгэндээ нийт 200 шахам удаа гадаадын хөрөнгө оруулагчийг урьж гуйж аргадаж, байсныг тоолсон байдаг. Ийм л их хичээл зүтгэл, цаг хугацааг зарцуулж, үнэмшүүлсэний эцэст дөнгөж 2004 оноос гадаадын хөрөнгө оруулагчид монголын хаалгаар цухуйх болсон юм.

Харин популизмаар удирдлага хийх болсон өнөөгийн бид гадаадын хөрөнгө оруулалтыг дахин сэргээх гэж оролдох дараагийн 10 жилд хөгжихгүй байна, хөгжил зогслоо, уруудаж байна гэсэн өмнөх 20 жилийн ёр зөгнөлөө бодит амьдрал дээр хэрэгжүүлэх болов уу.

Ардчилсан тогтолцоо бол бололцоо болохоос шууд утгаараа диваажин биш. Эмчилгээ тэжээлийн сэг ч биш. Сүм хийдээс зохион байгуулдаг үнэгүй хоолны гуанз ч биш. Өвгөд хөгшдийг хамгаалдаг асрамжийн газар ч биш. Хөгжлийн эх сурвалж бол өөрт байхгүй буюу дутагдсан мөнгөө техник технологи, маркетинг менежмэнтийн арга ухааныг гаднаас оруулж ирж, ашиг өгөх салбараа эрчимтэй хөгжлүүлэх явдал болохоос яаж ч ардчиллаад, ардчилсан болж харагдаад, ардчиллын арал гэж дэлхийгээр нэг магтуулаад ч энэ нь материаллаг хөгжлийн эх сурвалж биш шүү.

Гадаадын хөрөнгө оруулалтаар АНУ нэгдүгээрт, БНХАУ хоёрдугаарт орж байна. Тэднийг ингэтлээ тэлэн томорч чадсаны нэг эх үүсвэр нь энэ байх.

Хятадыг ардчилсан тогтолцоотой гэж тооцдоггүй шүү дээ. Монгол Улс хөгжихгүй байна, ухраад мөхөл рүүгээ ойртож байна гэдэг нь нэг талаасаа үнэн юм. Энэ бол дээр өгүүлсэн хөгжлийн ангиллаар сэтгэл санааны гэх бүлэгт багтах үзүүлэлт юм. Ёс суртахууны, оюуны, соёлын, сэтгэл ханамжийн, өөрийгөө илэрхийлэх зэрэгт хамаарах үнэлэмж.

Энэ шаталбараар үнэлэх юм бол үнэхээр монголын хөгжил зогссоноор барахгүй уруудаж байна. Сэтгэл санааны гэх энэ урвуу хөгжил нь популизмтай нийлж үнэхээр олон жил ёрлоод байсныхаа дагуу удалгүй материаллаг урвуу хөгжил рүү хувирахад тун ойртсон байна.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img