2024-05-17, Баасан
13 C
Ulaanbaatar

Нууц илтгэл: Ираны тусгай албаныхан 16 настай эсэргүүцэгч бүсгүйг хүчиндэн хөнөөжээ

2022 онд Тегеранд эрх баригчдын эсрэг жагсаал болох үеэр 16 настай Ника Шакарами сураггүй алга болсон. Энэ явдлаас ес хоногийн дараа түүний цогцосыг олсон бөгөөд Ника амиа хорлосон гэж эрх баригчид мэдэгдж байлаа. Гэвч түүнийг Ираны тусгай албаны гурван ажилтан хүчирхийлж, хөнөөсний дараа цогцосыг нь гудамжинд хаясан гэдгийг ВВС агентлагийн эрэн сурвалжлах хэлтэс олж тогтоожээ.

ВВС агентлагийн мэдээлснээр, тусгай албад өөрсдийн гараар бичсэн баримт бичгийн ачаар энэ мэдээллийг олж авсан аж. “Маш нууц” хэмээх тэмдэглэгээтэй илтгэлд Исламын хувьсгалын харуулуудын корпусын явуулсан Ника Шакарамигийн үхлийн хэрэгтэй холбоотой сонсголын хураангуйг багтаасан байна.

Энэ илтгэлд Никаг хөнөөсөн хүмүүс болон үнэнийг нуухыг завдсан дарга нарынх нь нэрс, түүнчлэн баривчилсны дараа аюулгүй байдлын албаны ажилтнууд охиныг фургонд байлгах үедээ хэрхэн доромжилж тамласан талаарх аймшигтай мэдээллүүдийг багтаажээ.

Ника Шакарами алга болсон болон амиа алдсан нь олон нийтийн анхаарлыг ихэд татаж, харин түүний зураг Иран дахь эрх чөлөөний төлөөх эмэгтэйчүүдийн тэмцлийн бэлгэ тэмдэг болж байлаа. ВВС агентлаг энэ мэдээлэлтэй холбоотойгоор тодруулга авахаар Ираны засгийн газар болон Хувьсгалын харуулын корпуст хандсан боловч ямар нэг хариулт аваагүй байна.

Хөргүүртэй фургонд юу болсон бэ?

Никаг хамгийн сүүлд 2022 оны есдүгээр сарын 20-ны өдөр Тегераны төвд Лалех цэцэрлэгт хүрээлэнгийн ойролцоо хүмүүс харжээ. Тэр хогийн савны хажууд зогсон, хижабаа шатааж байсан аж.

Тухайн үед хот даяар эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх тэмцэл өрнөж байсан юм. Илтгэлд дурдсанаар жагсаалыг аюулгүй байдлын албаны хэд хэдэн хэлтэсийнхэн нууцаар ажиглан, мөрдөж байсан аж.

Ингээд Team 12 нэртэй нэгэн хэлтсийн хэдэн эр Никаг баривчилж, хөргүүртэй фургонд суулгажээ. Ника энэ фургоны арын хэсэгт тухайн хэлтсийн Араш Калхор, Садег Монжази, Бехруз Садеги гэсэн гурван ажилтантай хамт сууж байсан аж. Харин тэдний дарга Млортеза Жалил жолоочийн хажууд сууж байжээ.

Тайланд өгүүлснээр, Никаг баривчилсан ажилтнууд түүнийг холгүй орших цагдаагийн хэсэг рүү аваачих гэсэн ч тэр хэлтэс дүүрсэн байж. Тиймээс 35 минут хугацаанд явж очих саатуулах төв рүү явжээ. Энэ төвийн дарга анхандаа Никаг хүлээн авахыг зөвшөөрсөн ч дараа нь бодлоо өөрчилсөн гэнэ.

“Буруутан (Ника) байнга орилж хашгиран, хараал хэлж байсан” гэж саатуулах төвийн дарга мөрдөн байцаагчдад хэлсэн аж.

Тухайн хэлтэст 14 эмэгтэй хоригдол байсан бөгөөд Ника тэднийг өдөөн хатгаж болзошгүй гэж үзсэний улмаас саатуулах байрнаас гаргахаар болсон гэнэ. Team 12 -ын дарга удирдлагадаа хандан зөвлөгөө хүсэхэд тэд Эвин шорон руу аваачихыг зөвлөжээ.

Ингээд Эвин шорон руу явах үед машины хойд хэсэгт байх Ника хашгирч, хараал хэлж эхэлжээ. Аюулгүй албаны ажилтан Араш Калхор түүний ам руу оймс чихэж, улмаар хөргүүрийн хэсэг рүү оруулснаар байдал намжсан гэнэ. Гэвч хэсэг хугацааны дараа Араш Калхор утасныхаа гэрлийг асаахад хамт ажилладаг эр болох Садег Монжази Ника охины өмд рүү гараа шургуулсан байгаа нь харагдсан аж. Үүнийг харсан Араш Калхор хяналтаа алдаж, “би гар хөлөөрөө цохиж эхэлсэн, залуусаа цохиж байна уу эсвэл буруутныг цохиж байгаа юу гэдгээ үнэндээ мэдээгүй” хэмээн мэдүүлжээ.

Харин Садег Монжази энэ мэдүүлгийг няцааж, Никагийн өмд рүү гараа шургуулаагүй хэмээсний дээр охины хажууд сууж байхдаа “сэрэл нь хөдлөж”, өгзөгөнд нь хүрснээ үгүйсгэж чадахгүй гэсэн мэдүүлэг өгсөн байна.

Түүний өгүүлснээр, өгзөгөнд нь хүрсний дараа Ника ихэд уурлаж, Садегийг маажиж, түохэн унагажээ. Хэдийгээр Никагийн гарыг ард нь хүлсэн байсан ч ийм явдал болсон гэж аюулгүй албаныхан мэдүүлсэн байна. Ийм явдал өрнөж байх зуур дарга нь жолоочоо зогсохыг тушаан, арын хаалгыг онгойлгоход Ника хэдийнэ амьгүй болсон байсан бөгөөд нүүр ам нь танигдахын аргагүй болсон байсан тул нүүрэн дээрх цусыг нь арчсан гэж хэлтсийн дарга мэдүүлжээ.

Цогцосыг гудамжинд гарган хаясан нь

ВВС агентлагийн редакцийн олж авсан, Никагийн нас барсны гэрчилгээнд бичигдсэнээр бүсгүй “хатуу эд зүйлээр цохисноос үүдэлтэй олон тооны гэмтлийн улмаас” нас баржээ. Баривчилгааны үеэр хүн нас барсан тохиолдлыг нэгээр нэмэхгүйн тулд Ираны тусгай албадынхан Никагийн цогцосыг зүгээр л гудамжинд хаяхаар шийдсэн байна. Ингээд Ядегар-и-Эмам өргөн чөлөөний нам гүмхэн гудамжинд Никагийн цогцосыг хаяжээ.

“Маш нууц” гэсэн тодотголтой илтгэлийн дүгнэлтэд өгүүлснээр, бэлгийн хүчирхийллийн улмаас фургонд зодоон үүссэн, ингээд Ника зодуулсны улмаас нас барсан байна.
“Гурван бороохой, гурван цахилгаан бороохой ашигласан байна. Аль нь үхэлд хүргэсэн нь тодорхойгүй” хэмээн илтгэлд өгүүлжээ.

Энэхүү илтгэлд өгүүлсэн мэдээлэл нь албан ёсны мэдэгдлээс төрж байгаа юм.

Никагийн оршуулгаас гурван сарын дараа Ираны улсын телевиз албан ёсны мөрдөн шалгах ажиллагааны үр дүнгийн талаар мэдээлж байсан бөгөөд энэ мэдээлэлд Никаг амиа хорлосон гэж онцолж байлаа. Харин “маш нууц” тодотголтой илтгэлд, 16 настай охиныг хүчирхийлж, тамлан хөнөөсөн нь тодорхой байгаа аж. Энэ талаар ВВС агентлаг холбогдох байгууллагуудад хандан тодруулга авах гэсэн ч ямар ч хариу аваагүй байна. Мөн одоогоор Никагийн үхэлд буруутай этгээдүүд шийтгэл хүлээгээгүй аж.

Энд дуулгахад, 2022 онд Иранд болсон “Эмэгтэйчүүд, амьдрал, эрх чөлөө” хөдөлгөөний үеэр 551 жагсагч амиа алдсан бөгөөд тэдний ихэнх нь буудуулж амиа алдсан гэх НҮБ-ын мэдээлэл бий.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img