2024-10-08, Мягмар
-6 C
Ulaanbaatar

ВВС: Залуу солонгосчууд болзошгүй дайнд бэлтгэж байна

Өмнөд болон Хойд Солонгосын хооронд дайн дэгдэж болзошгүй гэж үзэж байгаа БНСУ-ын залуус хоорондоо чат үүсгэн мэдээлэл солилцож, дайнд бэлдээд багагүй хугацааг өнгөрүүлж байгаа гэнэ. Тэд наад захын хэрэгцээт зүйлсийг хадгалж, Хойд Солонгос халдсан нөхцөлд ямар арга хэмжээ авах талаар хоорондоо мэдээлэл солилцдог болжээ. Дайн гарч болзошгүй гэж үзэн ийнхүү бэлдэж байгаа залуустай ВВС агентлагийн сурвалжлагч уулзан, сурвалжлага бэлтгэснийг орчуулан хүргэж байна.

Ким Чон Хо Сөүл хотын төвд байх гэртээ Хойд Солонгостой дайтсан нөхцөлд хэрэг болохуйц эд зүйлсийг хадгалдаг болжээ.

Өдгөө 30 настай, Өмнөд Солонгосын иргэн Ким Чон Хо төсөөлөхөд ч бэрх үйл явдал тохиолдвол эхний 72 цагийг хэрхэн давж өнгөрүүлэхээ тооцоолдог болсон байна. Ким онц нөхцөл байдал үүсвэл хэрэглэхээр ус, хүнсний бүтээгдэхүүнээс гадна газрын зураг, түүнчлэн гар утасны сүлжээ ажиллахаа больж эсвэл нийтийн тээврийн хөдөлгөөн зогссон үед бэлэн байхын тулд луужин хүртэл бэлджээ. Түүнчлэн сум үл нэвтрүүлэх хантааз, хорт утааны багийг ч багцдаа оруулсан байна. Түүний үзэж байгаагаар, цэргийнхэнд хамгаалалтын хэрэгсэл дутагдаж болзошгүй тул өөрөө л бэлэн байх ёстой гэнэ. Ким Өмнөд Солонгосын гурван сая гаруй цэргийн нөөц бүрэлдэхүүний нэг тул юм бүхэнд бэлэн байх ёстой гэж үзэж байгаа аж.

“Би Сөүлийн яг төвд амьдардаг. Ганцхан пуужингаас болж бүх зүйл газрын хөрснөөс арчигдана гэж бодохоор л айдас төрдөг юм” хэмээн Ким Чон Хо өгүүлсэн юм.

Хойд Солонгос

Солонгосын дайн дуусаж, эвлэрлийн хэлэлцээрт гарын үсэг зурсны дараа 1953 онд байгуулсан цэрэггүй бүсээс 48 км зайд Өмнөд Солонгосын нийслэл оршдог. Хэдийгээр дайн дууссан ч Солонгосын хойгт түгшүүртэй байдал өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа юм.

Тактикийн цөмийн зэвсэгтэй гэж баталдаг Хойд Солонгос энэ онд дөрвөнтөө баллистик пуужин туршсан. Харин дөрөвдүгээр сард БНАСАУ-ын эрх баригчид мэдэгдэл хийхдээ, Гуам (nio.mn: Номхон далайн баруун хэсэгт байрлах арал) руу хүрэх чадвартай, хатуу түлшит шинэ дуунаас хэт хурдан пуужин амжилттай туршсан гэж онцолж байлаа.

Ийм нөхцөлд Хойд Солонгостой дайтаж болзошгүй гэж бэлдэх залуусын тоо Өмнөд Солонгост нэмэгдэж байгаа аж. Тэдний нэг нь Ким Чон Хо. Хэдийгээр ийм хүмүүсийн тоо цөөн ч өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа гэнэ. Өмнөд Солонгост мэдээлэл солилцох хамгийн алдартай апликейшн болох Какао дээр дайнд бэлтгэхтэй холбоотой хэд хэдэн групп бий болсны дээр эдгээр бүлэгт 900 орчим хүн нэгджээ.

Харин 2010 онд үүсгэсэн “Тэсэж гарах сургууль-Даум кафе” нэртэй өөр нэг бүлэгт 25 мянган хүн элссэн байна.

Хойд Солонгостой дайн хийж болзошгүй гэж эмээн, үүнд бэлдэх өмнөд солонгосчуудын тоо нэмэгдэж байгаа нь хоёр хөршийн харилцаатай холбоотой түгшүүр нэмэгдэж байгааг гэрчилнэ. Мөн өдрөөс өдөрт түрэмгий болж буй Пхеньяны үйлдэл ч энэ түгшүүрийг улам бүр дэврээж байгаа юм.

Нэгдүгээр сард Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун өмнөд хөршөө “№1 дайсан” хэмээн нэрлэсний дээр хоёр Солонгос энхийн замаар нэгдэх боломжгүй гэж мэдэгдэж байв.

Түүний энэ мэдэгдэл ноцтой алхам гэж Солонгосын их сургуулийн улс төр, эдийн засгийн багш Нам Сон Ук нэрлэсэн юм.

“Энэ мэдэгдэл нь Өмнөд Солонгосыг угсаа гарвал нэгтэй гэж үзэхгүй байгаа тул Өмнөд Солонгосын эсрэг цөмийн зэвсэг ашиглаж ч магадгүй гэдгийг харуулж байна” хэмээн тэрбээр онцолсон юм.

Өмнөд Солонгост явуулсан олон нийтийн судалгаагаар, судалгаанд оролцогчдын 75 гаруй хувь нь өөрийн орны аюулгүй байдлыг тойрсон нөхцөл байдалд түгшиж явдаг хэмээн хариулсан байна. Энэ үзүүлэлт 2021 онтой харьцуулахад 19 хувиар өсчээ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img