- Эмчийн зааврын дагуу л би үргэлж нарны шил зүүдэг. Уг нь залуудаа Америкийн дундаж иргэн би бээр ингэхийг маяг гэж үздэг байлаа. Гэвч Калифорнийн нар маш хурц. Үүнээс гадна олон нийтийн дунд байх сөрөг талыг та мэддэг бол үүнээс өөрийгөө далдлах шаардлага гардгийг ойлгох биз ээ. Би хэнтэй ч нүд рүү нь харж харьцдаг дадалтай. Гэвч би хүн бүхний нүд рүү харж чадахгүй.
- Би өөрийнхөөсөө өөр элдэв зөвлөгөөнд үнэн сэтгэлээсээ дургүй. Хүмүүс тэртээ тэргүй сонсдоггүй тул бусдад зөвлөгөө өгөх ч дургүй.
Хүмүүстэй харилцан ярилцах сайхан шүү. Хэрэв надад итгүүлж чадвал би өөрийнхөө бодлыг өөрчлөхөд хэзээд бэлэн байдаг. Би Энн Коултерийн “Урвалт”-ыг (Ардчилсан намыг эрс шүүмжлэгч консерватив сэтгүүлчийн бестселлер ном) уншсан цорын ганц либерал үзэлтэн байж тун ч магадгүй. Яагаад вэ? Тэр хүний үзэл бодлыг мэдэхийг хүссэндээ л тэр. Би бусдыг сонсох дуртай. Энэ нь миний хувьд амьдралын жинхэнэ шим нь юм.
- Амралт гэж чухам юу болох, мөн зөв амрах гэдэг ямар чухал болохыг ойлгодог хүн цөөхөн юм шиг санагддаг. Өнөө үед хүмүүс ертөнцийг үзэх пуритан үзэлтэй нийцэхийн тулд өөртөө ямар нэгэн нэмэлт үнэ цэн бий болгох гэж буй мэт амралт зугаалгын төлөө хоорондоо өрсөлдөх болжээ. Гэхдээ хэрэв та зээл авах тохироонд хүрэхийн тулд л гольф тоглодог бол тэр нь үнэндээ гольф биш болно, тийм биз?
- Би өөрийнхөө бүтээсэн Жокерт (“Бэтмен” киноны дүр) сэтгэл хангалуун байдаг. Би тэр Жокерийг поп-арт чиглэлийн уран бүтээл болсон гэж хардаг юм.
- Камер өмнө нь байгаа зүйлийг л авдаг.
Есдүгээр сарын 11-ний үйл явдлын дараа би дуугүй л байсан. Төлөө, эсрэг, сайн, муу гээд боломжит бүхий л байр суурь илэрхийлэгдсэн учраас л тэр… Надад нэмж хэлэх зүйл байсангүй. Тэгээд би, одоо л алиалагчдын оролцоо шаардлагатай цаг нь гэж бодсон юм. Намайг юу хэлэх гээд байгааг ойлгож байна уу? Ийм ч учраас тэр явдлаас хойш нэлээд хэдэн жил инээдмийн кинонд тоглохыг илүүтэйд үзсэн юм.
- Хүлээн зөвшөөрөхөд ичгүүртэй ч би сонины зөвхөн спортын хуудсуудыг нь л уншдаг.
- Хэдийгээр би өөрөө тоглож чаддаггүй ч сагсан бөмбөгийг спортын шилдэг төрөл гэж хэзээнээс үзсээр ирсэн дээ.
- Дайны дараа төрсөн хүмүүс хувийн хариуцлага хүлээх үзэл бодолгүй юм шиг санагддаг. Миний бодлоор энэ нь олон зүйлийг тайлбарлаж өгдөг үе хоорондын өчүүхэн мэт боловч маш чухал ялгаа. Хүмүүс олон юманд сэтгэл дундуур болжээ. Тэд бүтэлгүйтлийнхээ хариуцлагыг хүлээхийг хүсдэггүй бөгөөд “Би ийм байна, энэ нь шалтгаантай”, эсвэл “Надад ийм зүйл тохиолдсон, энэ нь шалтгаантай” гэж хэлэхийг илүүд үздэг. Бүгд л хэн нэгэнд, эсвэл ямар нэгэн зүйлд буруугаа тохохыг эрмэлзэх юм.
- Би хүүхэд байхдаа далайн эрэг дээр мөрийтэй тоглоом тоглохдоо амьдралын маш их зүйлд суралцсан даа.
- Сүүлийн үед би жүжигчдийн томъёолсноор “дүр бүтээх” гээчид улам бүр бага ач холбогдол өгөх болсон. Тэр догололт, ээрэлт, ярих арга барил… энэ бүхэнтэй үнэндээ зууралдмааргүй байна. Тоглолт таны дотроос, сэтгэлээс тань гарах ёстой. Та хэн бэ гэдэг л хамгаас чухал. Үүн дээр л ажиллах шаардлагатай. Би аливаа дүрд өөрийнхөө л намтар гэж бодон ханддаг.
- Өнөөдөр би Шон Пеннтэй утсаар ярьсан юм. Хэвлэгдээд удаагүй нэгэн нийтлэлд Станиславскийн аргыг дэмждэг жүжигчдийн жагсаалтад намайг оруулаагүй нь сонирхолтой санагдсан бөгөөд би энэ тухай түүнд дуулгасан л даа. Нэмээд мөн, “Би өнөөг хүртэл тэднийг хуурч дөнгөсөөр байна шүү!” гэж хэлсэн юм. Үүнийгээ би ололт гэж үзнэ. Учир нь миний бодлоор, Станиславскийн аргыг надаас илүү ойлгож, ажилдаа илүүтэй ашигладаг хүн жүжигчдийн ертөнцөд бараг байхгүй. Үүнийг хэн ч анзаардаггүй нь харин хачирхалтай. Бодит байдал ба түүний тухай төсөөлөл ихэвчлэн зөрж байдагтай л холбоотой болов уу.
- Орчин үеийн оюун ухааны бүх ололт амжилтыг гудамжны хөдөлгөөнийг зохицуулахад яагаад хэрэглэж болохгүй гэж? Итгэнэ үү, үгүй юу, гэвч Ерөнхийлөгчийн нууцыг хадгалах эсэхийг шийдэх шүүхийн хурлын үеэр (1974 онд АНУ-ын Дээд шүүх Ерөнхийлөгч Ричард Никсоны Вотергейтийн дуулиантай шууд холбоотой ажилтнуудтайгаа хийсэн яриануудыг нууцлахаас татгалзжээ) би Ричард Никсоны талд байсан юм. Ерөнхийлөгчийн оронд өөрийгөө тавиад үз дээ. Хэлсэн үг, үйлдэл болгон тань нийтийн хүртээл болохыг та хүснэ гэж үү? Миний бодлоор ингэх нь зүгээр л тэнэг явдал. Хувийн амьдралын нууцаа хадгалах эрхийг хэнээс ч хасч болохгүй. Тэгснээс болж эцэст нь бид Билл, Моникагийн дуулиант явдалд хүрсэн. Амьдралд ухаалгаар хандах хэрэгтэй. Эцсийн эцэст хүн гэдэг зүгээр л хүн шүү дээ. Түүнээс хэт их зүйлийг шаардах хэрэггүй юм.
- Мэдээж би хүмүүсийн боддог шиг тийм сүрхий эр биш. Тэмцэгч биш гэх мэт. Ямар нэг юм болох гэж байгаа бол би харьсан нь дээр.
- Хүүхдүүдгүйгээр бидний амьдрал дүүрэн биш.
- Би гучин долоон нас хүртлээ эгчийгээ үнэн хэрэгтээ миний ээж гэдгийг мэддэггүй байсан. Гэхдээ энэ хорвоо дээр миний мэдэхгүй олон зүйл байдгийг би аль эрт ойлгосон. Хэрэв би мэдэхгүй зүйл бүхэнд хэт их ач холбогдол өгөөд байвал олигтой үр дүнд хүрэхгүй. Миний бодлоор, үүний оронд эерэг зүйл дээр л анхаарлаа төвлөрүүлэх нь дээр. Энэ бол заль мэх л дээ. Гэхдээ хэрэгтэй, ашигтай заль мэх. Жүжигчний өөр нэг хуучны дүрэмд, уруудах амархан тул үргэлж дээш тэмүүл гэдэг юм. Эрэгтэйчүүд биеийн хүч чадлаараа давамгайлдаг тул зарим тохиолдолд эмэгтэйчүүдээс илүү өрөвч сэтгэл гаргах чадвартай байдаг. Эмэгтэйчүүдийн хувьд дууссан л бол тэгээд дуусаа. Тэдний шийдвэрийг өөрчлөх боломжгүй. Одоо манай оронд аливаа шүүмжлэлийн цорын ганц хууль ёсны бай нь цагаан арьст эрэгтэй гэсэн дуугүй тохиролцоо үйлчилж байна. Үүнтэй бид ихэвчлэн эвлэрэх юм. Дунд насны цөөнгүй хүн амьдрал нь илүү романтик болохыг нууцхан мөрөөддөг. Энэ статистик үнэн эсэхийг мэдэхгүй ч өдгөө дөчөөс дээш насны ганц бие эмэгтэйчүүд ганц бие эрчүүдээс гурав дахин их болсон гэх юм. Эмэгтэйчүүдийн хөдөлгөөн ийм л юманд хүргэлээ дээ. Тахианууд үүр үүр рүүгээ таран одов гэж зүйрлэмээр.
- Би боловсон ёсны дүрэмд маш хүндэтгэлтэй ханддаг. Хэрхэн таваг дамжуулах вэ. Нэгээс нөгөө өрөө рүү хашгирах хэрэггүй. Тогшихгүйгээр хаалга онгойлгож болохгүй. Эмэгтэй хүнд замд тавьж урдуураа оруул. Эдгээр тоо томшгүй олон энгийн дүрмийн зорилго нь амьдралыг илүү сайхан болгох явдал юм шүү дээ. Би биеэ авч яваа байдалдаа их анхаардаг. Энэ бол ямар нэгэн хийсвэр зүйл биш. Энэ бол хүн бүрийн ойлгодог харилцан хүндэтгэлийн хэл юм.
- Мэдэхгүй юмныхаа тухай мэдэмхийрч ярьдаг насыг би ардаа орхисон.
- Хэрэв би сүүлийн арав, түүнээс ч олон жилийн амьдралынхаа гол үе шатуудыг тоочих юм бол хүүхдүүдтэй минь холбоотой нэлээд олон үйл явдал бий. Бүгд л мэднэ дээ. Хүүхэд тань зураг зурж, шүлэг бичихэд өөрийн эрхгүй хоолой зангирдаг даа. Хүүхдүүд үнэхээр гайхалтай хайрыг өгдөг дөө. Лорен маань хөлбөмбөгийн тэмцээнд түрүүллээ. Рэй том залуу боллоо. Женнифер өөрийн бутик дэлгүүртэй болж, түүнийгээ “Сувдан” гэж нэрлэлээ. Тэрээр мөн хувцасны дизайнер мэргэжилтэй. Би охиныхоо загварын шоун дээр ямар их инээмсэглэж, хичнээн ч хүнтэй гар барьсан гэж санана. Би өөрийнхөө уран зургуудыг танилцуулсан үзэсгэлэндээ хүртэл тэгээгүй юм даг. Бид ч хүүхдүүдийнхээ төлөө юу ч хийхээс буцахгүй улс юм даа!
- Хөгжөөн дэмжигч хүнд өөрийн гэсэн онол зохиох нь ямар ч урамшууллаас илүү амттай.
- Эртний грекүүд жинлүүр дээр философийг тэнцвэржүүлэх зорилгоор спортыг зохиосон юм шиг надад санагддаг. Спорт үнэмлэхүй дүрэмтэй. Энд эргэлзээ гэж юм огт үгүй: Бөмбөг талбайд, эсвэл талбайгаас гарсан. Арван ярд ард үлдсэн, эсвэл үгүй. Чи сагсанд бөмбөг оруулсан, эсвэл үгүй. Бүх юм тодорхой!
- Би хэдийгээр либерал үзэлтэй, ардчилсан намыг дэмжигч хэдий ч Жорж Бушиийг бусад ардчилсан намын талынхан шиг тэгтлээ үзэн яддаггүй. Би дэлхийн хоёрдугаар дайныг санаж байна. Далайн эргээс бидэн рүү довтлох гэж байна уу гэлтэй бид гэртээ гэрлээ унтраадаг байлаа. Тэр үеийн нөхцөл байдалд бид өөр яах билээ. Сонголт байсангүй. Одоо ч алга. Жорж Буш илүү өөр юу хийж болох байсан юм, би мэдэхгүй. Бид зүгээр л урсгал даган хөвж байх шиг.
- Миний охин арвангурван настай. Сүүлийн үед би дотроо, “Охин минь, гудамжинд гэдэс, хүйсээ харуулж явснаас ямар нэг өөр өмд авч өмсвөл ямар вэ?” гэж бодох боллоо. Би аав хүний хувьд юугаараа сайн бэ? Би үргэлж хүүхдүүддээ ойр байдаг. Миний хайр хариу юу ч шаарддаггүй. Мөн хүүхдүүддээ өөрийгөө илэрхийлэхэд нь хэрхэн туслахаа би мэднэ. Тэд надад бэрхшээлийнхээ талаар ярьж өгвөл би зөвлөгөө өгөхтэйгөө. Учир нь би өөрөө ч амьдралдаа олон бэрхшээлтэй тулгарсан хүн. Би тэдэнд ертөнцийг ямар ч гоёл чимэглэлгүйгээр байгаагаар нь харуулахыг хичээдэг. Би аз жаргалтай байх нь хэвийн зүйл, өөрт байхгүй асуудлуудыг байнга бий болгох шаардлагагүй гэсэн гүн гүнзгий итгэл үнэмшлийг тэдэндээ бий болгохыг хүсдэг дээ.
- Би бүх хүлээн зөвшөөрөгдсөн уламжлалт итгэл үнэмшлийг эсэргүүцдэг. Миний шашин бол байгаагаараа одоо цагт амьдрах л явдал. Энэ нь хуучин хэвшмэл үг гэдгийг би мэднэ. Гэхдээ би үүнийг л дагадаг.
- Би шашинд итгэгчдэд атаархдаг. Би өөрөө ер бусын дээд зүйлд итгэх чадваргүй л дээ. Ямар ч байсан одоогоор. Би үүнийг хүсдэггүйдээ биш шүү. Уг нь би итгэхийг хүсч байна. Би бүр залбирдаг. Би илүү дээгүүр байх ямар нэг зүйлд залбирдаг. Би бурхныг мэдэрдэг. Миний бодлоор түүнийг шашинлагаас илүүтэй мухар сүсгээр шүтдэг гэлтэй. Энэ нь хүний мөн чанараас үүдэлтэй юм шиг надад санагддаг.
Тантай яаж харьцахыг хүсдэг шигээ бусадтай харьц. Ингээд бодоход, шашнаас бидэнд энэ сургаалиас өөр юу хэрэгтэй гэж?
- Үр хөндөлтийг хүн аллага гэж үздэг хүмүүсийг шүүмжлэх гэж би хэзээ ч ам нээхгүй. Би өөрөө ч хууль бус бутач. Би одоо энд байхгүй ч байж болох байлаа.
- Дэлхийд томоохон худал их ч, тэдгээрийг хэн ч хэлэлцэхийг хүсдэггүй.
- Жүжигчин хүн өөрөөсөө байнга асуудаг асуулт: киноны энэ л хэсгийн хүрээнд хязгаарлагдаагүйсэн бол хаашаа чиглэн хэрхэх байсан бэ?
- Нэлээд хугацаанд би ганцаараа байхаас айдаг байлаа. Гэвч ганцаардалдаа дасахад хүрсэн юм. Би одоо ч гэсэн заримдаа, “ай, хэн нэгэнтэй ярихгүй бол галзуурах нь” гэж боддог. Гэхдээ одоо би ганцаараа байх дуртай. Үнэн шүү. Ганцаардал бол тансаглал юм.
- Миний гольфын спортод хандах хандлагад Япон дахь Киото дахь Буддын сүмийн ханан дээрх нэгэн жижиг самбар ихэд нөлөөлсөн. Тэнд болдог сурын харваанд зориулагдсан самбар л даа. Урт дараалсан багануудын төгсгөлд нь дөрвөөс дөрвөн инчийн дөрвөлжин байна гэж бод. Оролцогчид шалан дээр завилан сууж харвахдаа сумыг хана, баганад хүргэлгүйгээр байг онох учиртай. Дэлхийн дээд амжилт нь тийм дараалсан 180 орчим харвалт байсан санагдана. Би спортод яруу найрагт юм шиг ханддаг тул энэ нь надад их сэтгэгдэл төрүүлсэн. Тэр цагаас хойш би гольфыг Буддын шашны сурын харвалтын тэмцээнээс өөрцгүй гэж боддог болсон.
- Би өрсөлдөхийн тулд гольф тоглодоггүй. Хүн бүхэнд л би булхайцдаг гэж хэлдэг. Тэд надтай мөнгөтэй тоглохоос зайлсхийхийн тулд шүү дээ. Бооцоо тавьдаг нь хөлбөмбөг үзэхэд ч саад болдог. Хүмүүс тоглолтыг бус, бооцооны букмекерүүдийн таамаглалын өөрчлөлтийг л даган ажигладаг.
- Үглээ болж байгаа минь үнэн. Надаас илүү хэн ч орилж хашгирдаггүй. Гэвч гэртээ ирээд, “Чөтгөр ав гэж. Тэдний зөв байж. Би ч тэнэг юм даа” гэж гэнэт ойлгосны дараах өдрүүд хамгийн хүнд. Өөрийгөө их том амьтан гэж төсөөлсөн үед ийм байдал кино болгонд дор хаяж ганц, хоёр удаа тохиолддог. Тэгээд гэртээ ирээд мулгуу гэдгээ ухаарна даа.
Мэргэжлийн жүжигчний тоглолт гэдэг маш хэцүү ажил. Та монтажийн студид ирээд хичээл зүтгэлийнхээ үр дүнг харангуутаа өөрийг тань хичнээн магтсан ч хийсэн ажлын тал нь дэмий зүйл гэдгийг ойлгох амаргүй.
- Би эмэгтэй найруулагчидтай ажиллах дуртай. Тэд намайг дур булаам харагдуулахаас цааргалдаггүй юм.
- Би олон бүсгүйтэй хамтран амьдарч энээ тэрээ болсон ч гол нь эмэгтэйчүүдтэй үргэлж сайн харилцаатай, учраа олдог байсан утгаараа би их азтай.
Би өөртөө үргэлж нэг онолын асуулт тавьдаг нь, “Хэрэв би өнөө цагт карьераа эхэлсэн бол амьдрахын тулд порно кино авах байсан бол уу?”
- Хүмүүс миний тухай хэдийчинээ бага мэднэ, надад ажиллахад төдийчинээ хялбар байдаг. Сэтгүүлчтэй ярилцахдаа нийгмийн амьдралын асуудлуудын талаар улиг болсон зүйл ярихгүй байхыг хичээх нь дээр. Сэтгүүлчдээс зайлсхийхийг хичээ.