2024-10-07, Даваа
-8 C
Ulaanbaatar

Баабар ингэж ярив

Геополитик гэдэг том оронд л байдаг

АН-ын “Хийморь” клубээс зохион байгуулсан уулзалтад Баабар уригдан ирж, сонсогчдын асуултад хариулав.  “Ирж уулзалтад оролцооч гэсэн юм. Бэлгэсэн лекц алга. Та бүхний сонирхсон асуултад өөрийнхөөрөө хариулахыг хичээе” гэж тэр хэлсэн юм. Геополитик,  Орос задарвал Монголд яаж нөлөөлөх, давхар иргэншил, X богдын тухай яриаг нь тоймлон хүргэе.

Эхний асуулт геополитикийн талаар байлаа.

-Геополитик гэж манайхан сүрхий ярьдаг. Геополитик гэдэг том оронд л байдаг. Дэлхийн хоёрдугаар дайны өмнө Японы, Германы том геополитик байсан. Одоо Япон, Германы геополитик гэж байхгүй. Орос, Хятад, Америк, Энэтхэг  ийм  том орнууд шийддэг, бусад нь дагадаг. Тэр улсууд шийддэг болохоос Монгол геополитиктой болоод яах юм.

Цагаан хэрэм хүртэл улсын хилийг урагшлуулна гээд  гал тогоондоо ярьж болно л доо. Манай улс бол геополитик ярихад дэндүү жижигдсэн газар шүү дээ.

Геополитик, гео эдийн засаг,  ямар ямар билээ геонуудыг цуглуулаад, зурагтаар ярьдаг нэг нөхөр байдаг.  Тэр бол бидэнд ахадсан яриа. Гол нь гурав дахь хөршийн бодлого гэдэг аливаа орны геополитикийг дагахгүй. Аль болохоор дунд нь эвээ олоод явах тухай юм.

Гурав дахь хөрш гэдэг маань энэ дэлхий дээр бидэнд дайсан байхгүй л гэсэн үг

1990 оноос өмнө дэлхийн бүх улсуудын 80 хувь нь Монголын дайсан байсан шүү дээ. Бүр зарлачихсан. Одоо бол бидэнд дайсан байхгүй ээ. Хойд Солонгос ч манай найз, Өмнөд Солонгос ч манай найз. Хэнтэй ч муудалцахыг хүсэхгүй л байна шүү дээ.

Ийм л маягаар явж байгаа. Манай хөрш, тэрний цаана байгаа орон хоёр байлдаад, жил гаруй боллоо. Манай Засгийн газрын бодлого ч аль болохоор дундыг барих гээд үзээд байгаа нь тэр шүү дээ.

 Харин иргэд бол  өөрийнхөө бодлыг чөлөөтэй илэрхийлэх эрхтэй. Орос мандтугай гэсэн ч болно. Украйн мандтугай гэсэн ч  болно.  Энэ зөвхөн иргэдийн үзэл бодол. Түүнийгээ янз бүрээр тайлбарладаг.

Төр бол газарзүйн ийм нөхцөл байдалд хамаагүй шалчигнаад байх хэцүү л дээ. 1990 он хүртэл хоёрхон хөрштэй. Нэг хөрш нь нөгөөгөө дайсан гээд зарлачихсан,  баахан үзлээ шүү дээ. 1970 онд юм уу даа Ю.Цэдэнбал Польшид айлчилсан юм билээ. В.Гомулка  гэж удирдагч  байсан. “Хятад их өвчигнөөд байна” гэхэд нь “Та бид хоёр шиг жижиг орны улсуудад тэр ямар хамаатай юм” гэж л дээ.  “Энхтайван хэрэгтэй шүү дээ” гэсэн чинь  “Том орнууд энхтайвантай тайвангүй  болоод байна. Манай, танай хоёр  юу ч юм билээ” гэж хариулсан гэнэ лээ.

Төрийн хүн тиймэрхүү хэрээсээ хэтэрсэн юм яриад байвал  онцгүй л байгаа юм. Улсаа чирээд, ямар нэг юм руу давхиж ороод байвал таатай биш.

   Гэхдээ төр нь  Оросын Элчингийн өмнө жагслаа гээд иргэдээ барьж аваад  чирч гулдчаад, тугийг нь ураад байж бас болохгүй. Цагдаа чинь төр ш дээ. Цонх хагалж нийгмийн тайван байдал алдагдуулбал өөр хэрэг. Хүн үзэл бодлоо илэрхийлсний төлөө төрийн төлөөлөгчид очиж өвчигнөөд байж болохгүй л дээ. Зарчим бол ерөнхийдөө иймэрхүү л байна.

Орос задарвал манайд  аюултай

Орос задарвал манайд яаж нөлөөлөх вэ гэсэн асуултад ийнхүү хариуллаа.

БаабарЭнэ тухай би 2015 онд бичиж байсан. Орос Крымыг эзэлсэний дараа энэ орон задарвал бидэнд аюултай шүү гэж бичиж байсан.  Яагаад гэвэл энэ чинь зуугаад үндэстнээс бүрдсэн орон шүү дээ. Зөвлөлтийн эзэнт улс 1991 онд задрахад  15 улс салаад явсан. Гэтэл тэнд зөндөө гомдолтой улсууд байгаа шүү дээ. Башкир, Татар, Чечень, Дагестан юу юу ч гэдэг юм. Тэд салж байхад бид бас яагаад салж болдоггүй юм гэдэг. Саяхан би бас бичсэн юм.

Яагаад орос биш хүмүүс хамгийн их орилоод байгаа юм бэ. Жүүдүүд, Украйн, Чечень энэ тэр хараагаад, загнаад цөмийн бөмбөг хаяя гээд.

Миний бодоход ингэж Оросыг араас нь хатгаж байж, задрал руу нь түргэн оруулбал хамгийн түрүүн салах орон Чечень байна. Чеченийн хоёрдугаар дайнаар 2000 онд геноцидэд өртсөн ард түмэн шүү дээ. Одоо нөгөө хавтгай болсон Грозный  Саудын Араб шиг хачин гоё хот босоод байна. Өнөөдөр Чечений цэргийг Оросынх гэж болохгүй, дураараа шүү дээ.  Би Путинд хайртай, Орост хайртай гэдэг.  Шал худлаа, мөнгөө л авч байгаа. Далим гарвал сална.

Тэр Кадыров тэнэг хүн биш ээ.

  Очиж байлдана гээд хэдэн цэрэг дагуулж явсан. Зураг авч байгаа нөхөр урд нь гарчихсан. Шал худлаа, жүжиг тоглож байгаа байхгүй юу.

Манайд бол аюултай.

Задрал болоход  олон төр  зэрэг үүснэ. 1919-1921 оны гурван жилийн иргэний дайны үеэр Оросыг төлөөлж байсан 18 Засгийн газар бий болж байсан. Бие биенээ хөөгөөд ороод ирдэг.  Бужигнуулсан шүү дээ.

Хятадад  иргэний дайн болсон. Хэдэн зуун төр үүссэн юм.

Сюй Шү Жан  орж ирсэн л гэдэг. Нэг засаг нь хөөж оруулаад, нөгөө засаг нь эргүүлж татаад яваад байсан.

Хоёр том хөршид иргэний дайн маягийн юм гарахад манайх хамгийн түрүүн хохирох орон.

Цэрэг дайнд хамгийн чухал юм хүнс. Манайх хүнсний задгай том нөөц байхгүй юу.

70-80 сая малтай. Ан ихтэй. Мал нь эзгүй бэлчиж байгаа газар орж ирээд хүнсээ базааж аваад, эргээд нөгөөдүүл рүүгээ дайрах гээд явна шүү дээ.

Бид ийм асуудалд бэлэн байх ёстой.

Хөөцөлдөөд ороод ирж байгаа улсууд сүйд хийнэ шүү дээ.

1921 онд Улаан армийн цэрэг орж ирсэн. 1923 онд байна уу Д.Сүхбаатар очиж гуйсан баримт байдаг.  Танай орос цэрэг хүн алаад, хүрээ талаад, дээрэм тонуул хийгээд байна. Та нар цэргээ гаргаач гэсэн.

Тэгэнгүүт нь Бүх цэргийн жанжин байсан, тэрнээс нь хусаад хаячихсан. Ер нь хордож үхсэн юм уу даа. Шарилыг нь хоёр гурван удаа ухсан. Шинжилнэ гээд бүгдийг нь аваад явсан. Тэгээд чимээгүй болсон шүү дээ.

Өөр нэг юм бий. Сая  Блинкен  та нар цөмийн зэвсэг хэрэглэх юм бол бид танайд байгаа бүх цөмийн зэвсэгийг чинь устгана шүү гэсэн. Яаж устгадаг юм би мэдэхгүй. Технологийн боломж байдаг юм байлгүй.

 Дэлхийд байгаа цөмийн зэвсэгийн тэн хагас нь Орост байдаг. Төвлөрсөн цөмийн таван төв бий.

Нэг нь Читад бий. Энд бөмбөгдөөд хаячихвал наад зах нь цацрагийн доод талд нь бид байгаа шүү дээ. Тийм учраас энэ дэлхий амгалан байг. Тэр нь л бидэнд дээр.

Бид Орос, Хятад хоёрын тэнцвэр дээр байгаа улс. Оросын цэрэг орж ирэхэд Хятадууд маш олон жил уурласан. Хятадын шаардлагаар 1989 онд оросууд гарсан. Дахиад орж ирэхийг Хятад зөвшөөрөхгүй.

Хүчний харьцаагаар Оросын чадавхи олон дахин дээр байлаа шүү дээ. Тийм учраас Бээжин “Болиоч дээ, ямар муухай юм” гээд байсан болохоос биш яаж ч чаддаггүй байсан. Одоо хүчний баланс нөгөө тийшээ эргэчихсэн. Орос, Хятадын эдийн засгийн харилцаа 20:1.  20 тэрбум долларын үйлдвэрлэлтэй, нөгөөдөх нь нэг тэрбум долларын үйлдвэрлэлтэй тийм л орон.

Давхар иргэншлийг зөвшөөрчихвөл зүгээр дээ   

Давхар иргэншлийг хүлээн зөвшөөрч дэлхийгээр тархсан монголчуудаа хүлээж авч, монголчууд олуулаа болох боломжийн талаар юу хэлэх вэ?

– УИХ тухайн үедээ авч хэлэлцэж байсан. Манайхан бөөн хятадууд ороод ирнэ гэж эмээдэг. Хятадууд гадагшаа гаръя гэвэл Америк энэ тэрийг л мөрөөднө шүү дээ. Юу гэж энд бөөнөөрөө орж ирэх вэ дээ. Монголчуудад нэг тийм айдас л байдаг юм. Уг нь бол давхар иргэний харъяалалтай байвал зүгээр шүү дээ. Гадаадад 150 мянган монголчууд байгаа байх. Гадны улсуудтай суусан хүмүүс ч байна. Монгол паспортоо хадгалчихсан. Тэдний иргэн болчихсон байдаг. Ер нь давхар иргэншлийг зөвшөөрчихвөл зүгээр дээ.

     Бид шарын шашинтай юм бол гаднаас хамааралгүй хөгжих нь зөв     

   IX богдоор 1925 онд Лувсандорж  гэдэг хүнийг Сэлэнгэ аймгийн Зүүнхараагаас  тодруулсан гэдэг. Тэгээд богдынхоо ажлыг хийж байсан чинь 1928 онд тодруулж болохгүй гэдэг хууль гараад, энгийн иргэн болоод 1948 онд нас барсан.

Сүүлд Далай лам гэв гэнэт шар шувталсан, багийнх нь найз гэсэн, олон үгтэй нөхрийг “Энэ IX богд шүү” гээд гаргаад ирсэн. Монголд ерэн хэдэн оны үеэр хулгайгаар орж ирээд, бөөн юм болсон. “Виз өгч болохгүй” гэсэн чинь Халимагт сууж байсан консул нь сэмхэн өгчихсөн. Бараг хөөгдөж гарсан. Сүүлд Гандантай ярьж байгаад, Далай ламтай тохироод, нөгөөдхийг чинь “IX богд юм байна” гээд Монгол Улсын иргэн болгоод, үхэхдээ “X богд Монголд төрнө” гэж хэлүүлсэн. Тэгээд одоо X богд тодорч байна.

Хамгийн том маргаантай асуудал нь ийм юм. Ерөөсөө энэ шарын шашин чинь гурван том хүнтэй. Нэгдүгээр хүн нь Далай лам. Хоёрдугаар хүн нь Банчин богд, гуравдугаар хүн нь Жавзандамба хутагт гэсэн ийм дарааллаар олон жил явсан.

Гуравдугаар Богдоос авхуулаад Бээжинд Юүнхэгүний сүмээс тодруулдаг журам явсан. Наймдугаар Богд “Будда хэлэхдээ Буддын шашин умар тийшээ тэлж, хөгжнө гэсэн. Тийм учраас бид Бээжингийн болон Лхасын Түвдээс сална” гэсэн шүү дээ. Энэ Гандангийнхан  Далай лам хамаа байхгүй, Бээжин хамаа байхгүй, өөрсдөө тодруулна гээд байгаа юм билээ.

Хятадын зүгээс нэг аймшиг бий. Ойлгож болохуйц.

Далай лам 80 нэлээд гарчихсан. Жанч халахад ойртсон. Энэ хүн дараагийн Далай ламаар эмэгтэй хүн тодруулна ч гэх шиг, ерөөсөө тодруулахгүй ч гэх шиг Америкт тодорно ч гэх шиг юм яриад явдаг. Гэтэл шарын шашин шүтдэг ганцхан орон бий, Монгол.

Энэ олон улсууд их буруу ойлгодог. Далай лам бол Буддын шашинтай бүх улсын дарга нь гэж. Тийм юм байхгүй ээ. Тэр  байтугай ганцхан шарын шашнаа ч тэр чигээр нь толгойлж чадахгүй.  Доржшүгдэн гээд Далай ламыг үзэж чаддаггүй урсгал шарын шашин дотроо байдаг.

Нөгөө нөхөр чинь Монголд тодорчих вий гэдгээс Хятадууд айдаг.

Далай лам өөрөө Монголд хүрч ирээд X  богдыг тодруулсан шүү дээ, хэдэн жилийн өмнө. Жаахан өсөхөөр нь олон нийтэд мэдэгдэнэ гээд. Хятадууд айгаад байгаа байхгүй юу.

Монголын хувьд ч энэ бол аюултай зүйл шүү дээ. Бид Марксизмыг зөв тодорхойлсонгүй гэдгээс болоод урд хөрштэйгээ 30 жил дайсагналцлаа. Одоо  Далай ламын  асуудлаас болоод дахиад дайсагнаж болохгүй ээ.

Ер нь эрүүл саруул ямар ч орон хөрштэйгээ муудалцах хэрэг байдаггүй юм.   

Далай ламын тодруулсан Банчин богдыг нь хятадууд ийм айдсын үүднээс хулгайлчихсан юм уу, яасан юм. Гэхдээ амьд байгаа гэх юм билээ, аваад нуучихсан. Өөрсдийнхийгөө тодруулчихсан. Тэгээд эд нар Далай ламаас илүү шинэ Банчин луу хандуулах гэж хичээдэг. Өвөрмонголчууд шинэ Банчингаа дагадаг болсон шүү дээ.

 Бидэнд уул нь Далай лам нь ч, Банчин богд нь ч хэрэггүй юм л даа.  Тэгж Хятадтай дайсагнаж юугаа хийх вэ.

Хятадын ЭСЯ-наас Ганданг эсэргүүцдэг бөөн лам нарыг дуудаж авчраад, та нарт соёлын арга хэмжээгээр Гандангаас илүү юм барьж өгье, Банчин богдод мөргөчих гээд  хэдэн гар очиж мөргөсөн шүү дээ.

Ерөнхий зарчим бол үнэхээр бид шарын шашинтай юм бол гаднаас хамааралгүй хөгжих нь зөв юм.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img